Mongolian Traffic Research Institute

БНМАУ-ын НАХ яамны сайдын 1985 оны 6 дугаар

сарын 4-ний өдрийн 380 тоот тушаалаар батлав.

 

БНМАУ-ЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ

(НАХЯ-ны сайдын 1987 оны А/64 тоот тушаалаар оруулсан

нэмэлт, өөрчлөлтүүдийг тусгав)

 

Зургадугаар бүлэг

ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ ЖУРАМ, ТҮР БУЮУ УДААН ЗОГСОХ

 

Анхааруулах дохио

63. Анхааруулах дохионд эргэх чиглэл заадаг гэрэл буюу гараар өгсөн дохио, дуут дохио, гэрэл шилжүүлэх, өдрийн цагт асаасан ойрын гэрэл, ослын дохио зэрэг орно.

Жолооч хөдөлгөөний чиглэлээ өөрчлөхийн тулд тэр чиглэлийн анхааруулах дохио (анхааруулах дохио байхгүй буюу ажиллахгүй үед гараар) өгнө.

Анхааруулах дохио өгөх тохиолдол:

а) хөдөлгөөн эхлэх буюу зогсохын өмнө;

б) байр эзлэх, эргэх буюу буцаж эргэхийн өмнө.

/Энэ зүйлд НАХ яамны сайдын 1987 оны А/64 тоот тушаалаар өөрчлөлт орсон/

64. Хэрэв жолооч анхааруулах дохиог гараар өгөх бол:

а) зүүн гар тийш эргэх буюу байр эзлэх, хөдөлгөөн эхлэхийн өмнө автомашины жолооч зүүн гараа гадагш чигээр нь сунгах бөгөөд мотоциклын жолооч баруун гараа тохойгоор нь нугалж дээш өргөнө;

б) баруун гар тийш эргэх, байр эзлэх буюу зогсохын өмнө автомашины жолооч зүүн гараа тохойгоор нь нугалж дээш өргөх бөгөөд мотоциклын жолооч баруун гараа хажуу тийш чигээр нь сунгана;

в) тоормослохын өмнө зүүн гараа сунган дээш доош нь хөдөлгөнө;

Мопед, унадаг дугуйгаар зорчигч нь мотоциклын жолоочийн адил, ердийн хөсөг хөтлөгч нь автомашины жолоочийн адил гараар дохио өгнө.

/Энэ хэсэгт НАХ яамны сайдын 1987 оны А/64 тоот тушаалаар нэмэлт орсон/

65. Анхааруулах дохиог тодорхой үйлдэл хийхийн өмнө зөв өгөх бөгөөд үйлдлээ хийж дуусмагц зогсооно. Анхааруулах дохиог гараар өгсөн бол тодорхой үйлдэл хийж эхлэхийн өмнө дуусгана. Анхааруулах дохио нь жолоочид түрүүлж нэвтрэх эрх олгохгүй бөгөөд урьдчилан сэргийлэх зайлшгүй арга хэмжээ авахаас түүнийг чөлөөлөхгүй.

Холын гэрлээр анхааруулах дохио өгөхөд тэр нь жолоочийн арыг харах толинд тусах буюу өөдөөс яваа жолоочийг гялбуулахаар бол хэрэглэхийг хориглоно.

Өдрийн цагт зохион байгуулалттай цуваагаар явах, хүнд буюу овор ихтэй ачаа тээвэрлэх, механикжсан тээврийн хэрэгслийг чирэх үед ойрын гэрлийг асаана. Хориглосон газарт зайлшгүй шалтгаанаар буюу ЗТО-оос болж зогсох, жижиг гэрэл гэмтэлтэй, мөн үзэгдэх орчин хязгаарлагдсан замд тээврийн хэрэгслийг зогсооход ослын дохионы гэрлийг асаана.

/Энэ зүйлд НАХ яамны сайдын 1987 оны А/64 тоот тушаалаар нэмэлт орсон/

66. Суурин газар дуут дохио өгөхийг хориглоно. Зөвхөн ЗТО, хэргээс урьдчилан сэргийлэх зайлшгүй тохиолдолд дуут дохио өгөхийг зөвшөөрнө.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»