Mongolian Traffic Research Institute

БНМАУ-ын НАХ яамны сайдын 1985 оны 6 дугаар

сарын 4-ний өдрийн 380 тоот тушаалаар батлав.

 

БНМАУ-ЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ

(НАХЯ-ны сайдын 1987 оны А/64 тоот тушаалаар оруулсан

нэмэлт, өөрчлөлтүүдийг тусгав)

 

Зургадугаар бүлэг

ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ ЖУРАМ, ТҮР БУЮУ УДААН ЗОГСОХ

 

Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хурд, хоорондын зай

67. Жолооч замын өргөний хэмжээ, хөдөлгөөний чиглэлийн үзэгдэлт, цаг агаарын нөхцөл, зорчих хэсгийн гадаргууны байдал, тээж яваа ачаа, үйлчилгээний ажлын онцлог, тээврийн хэрэгсэл буюу явган зорчигчийн хөдөлгөөний нягтрал зэргийг харгалзан хөдөлгөөний хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаарлалтаас хэтрүүлэхгүйгээр сонгож авна.

/Энэ зүйлд НАХ яамны сайдын 1987 оны А/64 тоот тушаалаар өөрчлөлт орсон/

68. Жолооч хөдөлгөөнд аюул тулгарч болзошгүй газарт хөдөлгөөний хурдыг хасаж, зайлшгүй шаардлага гарвал тээврийн хэрэгслээ зогсоох арга хэмжээ заавал авна.

69. Суудлын автомашин, мотоциклын хөдөлгөөний хурдыг суурин газарт цагт 50 км, хот хоорондын буюу орон нутгийн замд цагт 60 км, хүн тээсэн автобус, троллейбус, ачааны автомашин болон бусад тээврийн хэрэгслийн хурдыг бүх төрлийн замд цагт 50 км, трактор, өөрөө явдаг машин механизмын хурдыг цагт 30 км-ээс хэтрүүлэхгүй байвал зохино.

Явган хүний гарц, автобус, троллейбусны буудал, уулзвар, сургууль, цэцэрлэг, үзвэр үйлчилгээний газрын дэргэд болон замын халтиргаатай хэсэг, үзэгдэх орчин хязгаарлагдсан үед тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хурдыг цагт 30 км-ээс хэтрүүлэхгүйгээр онц анхаарал болгоомжтой явбал зохино.

/Энэ зүйлд НАХ яамны сайдын 1987 оны А/64 тоот тушаалаар өөрчлөлт орсон/

70. Жолооч уулзварт ойртох үедээ хөдөлгөөнийг хориглох дохио өгмөгц тээврийн хэрэгслээ зогсоох юмуу түрүүлж нэвтрэх эрх бүхий тээврийн хэрэгслийг өнгөрүүлэх бололцоо бүхий хурдтай явбал зохино.

71. Жолоочид хориглох нь:

а) хөдөлгөөний хурдыг тогтоосон хэмжээнээс хэтрүүлэх;

б) шаардлагагүй үед хэт удаан явж хөдөлгөөн саатуулах;

в) шаардлагагүй үед тээврийн хэрэгслээ огцом зогсоох;

72. Жолооч урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуу хоорондын зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож авна.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»