БНМАУ-ын НАХ яамны сайдын 1985 оны 6 дугаар
сарын 4-ний өдрийн 380 тоот тушаалаар батлав.
БНМАУ-ЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ
(НАХЯ-ны сайдын 1987 оны А/64 тоот тушаалаар оруулсан
нэмэлт, өөрчлөлтүүдийг тусгав)
Зургадугаар бүлэг
ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ ЖУРАМ, ТҮР БУЮУ УДААН ЗОГСОХ
Зорчих хэсэг дэх тээврийн хэрэгслийн байрлал
73. Зорчих хэсгийн эгнээний тоог замын тэмдэглэл буюу 4.6 тэмдгээр тодорхойлно. Тэмдэг, тэмдэглэл байхгүй бол жолооч зорчих хэсгийн өргөн, тээврийн хэрэгслийн өргөний хэмжээ, тэдгээрийн хажуу хоорондын зайг харгалзан байрлалаа сонгож авна.
74. Тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн баруун гар талын захад аль болохоор ойр явна. Баруун гар талын эгнээ чөлөөтэй байхад зүүн гар талын эгнээгээр явахыг хориглоно.
75. Нэг чиглэлд гурав буюу түүнээс дээш эгнээгээр зорчдог замд зөвхөн зүүн гар тийшээ болон буцаж эргэхийн тулд байр эзлэхээс бусад тохиолдолд ачааны автомашин, автобус, троллейбус, өөрөө явдаг машин механизм хамгийн зүүн гар талын эгнээнд орохыг хориглоно. Гурав буюу түүнээс олон эгнээгээр зорчих замд эсрэг урсгалд орох, сөрөг хөдөлгөөнтэй гурван эгнээгээр зорчих замд гүйцэж түрүүлэх, тойрон гарах, зүүн гар тийшээ буюу буцаж эргэхээс бусад тохиолдолд голын эгнээнд орохыг тус тус хориглоно. Нэг чиглэлийн хөдөлгөөнтэй замд зорчигчдыг буулгах, суулгах, ачаа ачих, буулгахын тулд зүүн гар талын захын эгнээнд орохыг зөвшөөрнө.
/Энэ зүйлд НАХ яамны сайдын 1987 оны А/64 тоот тушаалаар нэмэлт орсон/
76. Хамгийн их хурд нь цагт 30 км буюу техникийн гэмтлийн шалтгаанаар түүнээс илүүгүй хурдтай яваа тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн хамгийн баруун гар талын эгнээнд явах бөгөөд зөвхөн гүйцэж түрүүлэх, тойрон гарах, түүнчлэн зүүн гар тийшээ буюу буцаж эргэх, байр эзлэхийн тулд зүүн гар талын эгнээнд орохыг зөвшөөрнө.
77. Саадыг тойрон гарахад өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулах бол түүнийг урьдчилан өнгөрүүлбэл зохино.