БНМАУ-ын НАХ яамны сайдын 1985 оны 6 дугаар
сарын 4-ний өдрийн 380 тоот тушаалаар батлав.
БНМАУ-ЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ
(НАХЯ-ны сайдын 1987 оны А/64 тоот тушаалаар оруулсан
нэмэлт, өөрчлөлтүүдийг тусгав)
Зургадугаар бүлэг
ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ ЖУРАМ, ТҮР БУЮУ УДААН ЗОГСОХ
Тээврийн хэрэгсэл хөдөлгөөн эхлэх, чиглэл өөрчлөх
78. Жолооч хашаа болон бусад газраас гарч замд нийлэх, мөн замаас гарахдаа тэр замаар яваа тээврийн хэрэгсэл, явган зорчигчийг урьдчилан өнгөрүүлбэл зохино.
/Энэ зүйлд НАХ яамны сайдын 1987 оны А/64 тоот тушаалаар өөрчлөлт орсон/
79. Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж байр эзлэх, хөдөлгөөний чиглэлийг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх боломжийг хангана.
80. Жолооч байраа эзлэхийн өмнө чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Зэрэгцээ эгнээнд яваа тээврийн хэрэгслүүд харилцан байраа солиход баруун гар талд яваа нь эхэлж байраа эзэлнэ.
81. Жолооч хөдөлгөөний чиглэлээ өөрчлөхийн өмнө анхааруулах дохио өгч тээврийн хэрэгсэлд саад хийхгүйгээр зохих байраа эзэлнэ. Баруун гар тийшээ эргэхийн өмнө хамгийн баруун, зүүн гар тийшээ буюу буцаж эргэхийн өмнө хамгийн зүүн гар талын эгнээг тус тус эзэлсэн байвал зохино. Хэрэв зорчих хэсэгт хөдөлгөөний чигийг заасан тэмдэг, тэмдэглэл байвал тухайн эгнээнээс сум заасан чиглэлд явж болно. Байр эзлэх үйлдлийг уулзвараас 50-100 метрийн зайд гүйцэтгэнэ.
/Энэ зүйлд НАХ яамны сайдын 1987 оны А/64 тоот тушаалаар өөрчлөлт орсон/
82. Зүүн гар тийшээ юмуу буцаж эргэхдээ өөдөөс шулуун яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Хэрэв зорчих хэсгийн өргөн зүүн гар талын эгнээнээс буцаж эргэх боломжгүй бол баруун гар талын эгнээнээс эргэхийг зөвшөөрнө. Гэхдээ өөдөөс болон араасаа яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлбэл зохино.
83. Буцаж эргэхийг хориглох тохиолдол:
а) явган хүний гарц дээр буюу уулзварт 20 метрээс ойр зайд;
б) төмөр замын гарам дээр;
в) гүүрийн дээр, доор;
г) зорчих хэсгийн тэнхлэгийн үргэлжилсэн шугамыг давж;
д) замын үзэгдэлт 100 метрийн дотор хязгаарлагдсан байвал;
/Энэ заалтад НАХ яамны сайдын 1987 оны А/64 тоот тушаалаар өөрчлөлт орсон/
е) зохицуулдаггүй уулзвар дээр хөндлөн зам нь нэг чиглэлийн хөдөлгөөнтэй үед хөдөлгөөний урсгалыг сөрөхөөр бол;
84. Ухрахад онцгой анхаарал тавьж хөдөлгөөний аюулгүй байдал хангагдсан эсэхийг биечлэн шалгавал зохино. Орчин муу үзэгдэж байгаа буюу ар талын байдал өөрт нь харагдах боломжгүй үед бусдын туслалцаа авбал зохино.
85. Ухрах хөдөлгөөнийг хориглох тохиолдол:
а) замын уулзвар дээр буюу түүнд 20 метрээс ойр зайд;
б) явган хүний гарц дээр;
в) автобусны буудалд 20 метрээс ойр зайд;