БНМАУ-ын НАХ яамны сайдын 1985 оны 6 дугаар
сарын 4-ний өдрийн 380 тоот тушаалаар батлав.
БНМАУ-ЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ
(НАХЯ-ны сайдын 1987 оны А/64 тоот тушаалаар оруулсан
нэмэлт, өөрчлөлтүүдийг тусгав)
Зургадугаар бүлэг
ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ ЖУРАМ, ТҮР БУЮУ УДААН ЗОГСОХ
Гүйцэж түрүүлэх
86. Жолооч гүйцэж түрүүлэхийнхээ өмнө хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа болон бусад тээврийн хэрэгсэл буюу явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулахгүй байх боломжтой эсэхийг анхаарч биечлэн мэдсэн байвал зохино.
87. Тээврийн хэрэгслээр зөвхөн зүүн гар талаар гүйцэж түрүүлэхийг зөвшөөрнө. Урд яваа тээврийн хэрэгсэл зүүн гар тийшээ эргэх дохио өгөөд зохих байраа эзэлсэн байвал түүнийг баруун гар талаар нь тойрч гарч болно.
88. Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө, гүйцэж түрүүлсний дараа анхааруулах дохио заавал өгнө. Гүйцэж түрүүлэхдээ харанхуй үед өөдөөс ойртон ирсэн тээврийн хэрэгсэлгүй байвал гэрлээ үе үе шилжүүлж, хориглоогүй газарт дуут дохио өгч болно.
89. Гүйцэгдэж байгаа жолооч хурдаа нэмэх, гүйцэж түрүүлэхэд саад хийхийг хориглоно. Гүйцэж түрүүлэх нь хөдөлгөөнд аюултай байвал гүйцэгдэж байгаа жолооч зүүн гар тийш эргэх дохио өгч анхааруулбал зохино.
90. Нэг чиглэлд хоёр буюу түүнээс дээш эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлсэн жолооч эгнээндээ буцаж орсны дараа дахин гүйцэж түрүүлэх бол зүүн гар талын эгнээндээ явж болно. Гэхдээ араас нь илүү хурдтай ирж яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад хийж болохгүй.
91. Нарийн замд өөдөөс тээврийн хэрэгсэл ойртож ирж яваа буюу гүйцэж түрүүлэх боломжгүй нөхцөлд урдаа яваа тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэхийг оролдох, бусдын хөдөлгөөнд саад учруулахыг хориглоно.
92. Гүйцэж түрүүлэхийг хориглох тохиолдол:
а) туслах чанарын замаар яваа үед уулзвар дээр;
/Энэ заалтад НАХ яамны сайдын 1987 оны А/64 тоот тушаалаар өөрчлөлт орсон/
б) үйлчилгээний тусгай тэмдэг (соёмбо, тоогоор бичсэн дугаартай) болон улсын далбаа бүхий элчин сайдын машиныг;
в) төмөр замын гарам дээр юмуу түүнд 100 метрээс ойр зайд;
г) хүн тээсэн автобус, троллейбус, ачааны автомашинаар цагт 20 км-ээс илүү хурдтай яваа тээврийн хэрэгслийг;
д) гүйцэж түрүүлж байгаа юмуу тойрон гарч байгаа тээврийн хэрэгслийг;
е) замын өгсүүр хэсгийн төгсгөл буюу огцом эргэлт дээр, мөн үзэгдэх орчин хязгаарлагдсан буюу замын цаад хэсэг нь харагдахгүй бусад газарт;
/Энэ заалтад НАХ яамны сайдын 1987 оны А/64 тоот тушаалаар өөрчлөлт орсон/