БНМАУ-ын НАХ яамны сайдын 1985 оны 6 дугаар
сарын 4-ний өдрийн 380 тоот тушаалаар батлав.
БНМАУ-ЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ
(НАХЯ-ны сайдын 1987 оны А/64 тоот тушаалаар оруулсан
нэмэлт, өөрчлөлтүүдийг тусгав)
Зургадугаар бүлэг
ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ ЖУРАМ, ТҮР БУЮУ УДААН ЗОГСОХ
Тээврийн хэрэгслийн гадна талын гэрэлтүүлэх хэрэгслийг хэрэглэх
93. Харанхуй болж эхлэх, мөн орчин муу үзэгдэх өдрийн цагт тээврийн хэрэгслийн гадна талын гэрлийг асаавал зохино.
94. Гэрэлтүүлэгтэй замаар явахдаа гэрэлтүүлгийн байдлыг харгалзан ойрын буюу жижиг гэрлийг асааж явна. Чиргүүл чирч яваа үед хамгийн сүүлчийн чиргүүлийн гэрэл асдаг байвал зохино.
95. Замын гэрэлгүй хэсэгт тээврийн хэрэгслийн холын гэрлийг асааж болно. Өөдөөс ирж яваа тээврийн хэрэгсэл хүртэл 150 метрээс багагүй зайд, мөн жолоочийг гялбуулж болох бусад тохиолдолд холын гэрлийг ойрын гэрэлд заавал шилжүүлнэ. Жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдах үед ослын дохионы гэрлээ нэн даруй асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хөдөлгөөний хурдаа хасах буюу зогсоно.
/Энэ зүйлд НАХ яамны сайдын 1987 оны А/64 тоот тушаалаар өөрчлөлт орсон/
96. Харанхуй, орчин муу үзэгдэх үед, гэрэлтүүлэггүй замд тээврийн хэрэгслийг түр буюу удаан зогсоохдоо жижиг гэрлийг асаана. Хэрэв тэр нь гэмтэлтэй буюу байхгүй тохиолдолд тээврийн хэрэгслийг замаас гаргах бөгөөд бололцоогүй үед ослын дохионы гэрлийг асаана. Ослын дохионы гэрэл байхгүй юмуу гэмтэлтэй бол тээврийн хэрэгслээс 25-30 метрийн зайд ослын зогсолтын тэмдэг буюу улаан гэрэл асааж тавина. Чиргүүлтэй тээврийн хэрэгслийн бүхээг дээрх таних гэрлийг хөдөлгөөнд оролцоход мөн харанхуй болон үзэгдэх орчин хязгаарлагдсан үед зогсоход асаана.
/Энэ зүйлд НАХ яамны сайдын 1987 оны А/64 тоот тушаалаар нэмэлт орсон/
97. Гэрэлтүүлүүрийг суурин газрын гадна хэрэглэх бөгөөд өөдөөс тээврийн хэрэгсэл гарч ирсэн үед унтрааж байвал зохино. Түүнийг суурин газарт тусгай зориулалтын (гал команд, эмнэлгийн түргэн тусламж, цагдан сэргийлэхийн зэрэг) автомашин үүргээ гүйцэтгэж явахад шаардлагатай үед хэрэглэж болно.
98. Манангийн гэрлийг цас, бороо орж байгаа юмуу өтгөн манан будантай, үзэгдэх орчин хязгаарлагдсан үед дангаар нь буюу холын болон ойрын гэрлийн хамт асааж болно.
Тайлбар: Автомашинд хоёр, мотоциклд нэг манангийн гэрэл тавина. Манангийн гэрлийг замын гадаргуугаас 250 мм-ээс багагүй өндөрт, автомашины урд талд, хоёр хажуугаас нь 400 мм-ээс дотогш, том гэрлээс өндөргүй зайд тэгш хэмтэй байрлуулна.
/Энэ зүйлд НАХ яамны сайдын 1987 оны А/64 тоот тушаалаар өөрчлөлт орсон/