БНМАУ-ын НАХ яамны сайдын 1985 оны 6 дугаар
сарын 4-ний өдрийн 380 тоот тушаалаар батлав.
БНМАУ-ЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ
(НАХЯ-ны сайдын 1987 оны А/64 тоот тушаалаар оруулсан
нэмэлт, өөрчлөлтүүдийг тусгав)
Долдугаар бүлэг
ЗАМЫН УУЛЗВАР, ЯВГАН ХҮНИЙ ГАРЦ, НИЙТИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН БУУДАЛ, ТӨМӨР ЗАМЫН ГАРМААР НЭВТРЭХ
Зохицуулдаг уулзвар нэвтрэх
105. Гэрэл буюу зохицуулагчийн дохиогоор хөдөлгөөний дарааллыг тогтоодог уулзварыг зохицуулдаг уулзвар гэнэ. Анивчсан шар гэрэлтэй буюу гэрэл дохио нь ажиллаагүй уулзварыг зохицуулдаг уулзварт тооцохгүй.
106. Жолооч тээврийн хэрэгслээ уулзвар дээр зогсоож болзошгүй саад тохиолдсон үед зөвшөөрсөн гэрэл дохиотой байсан ч уулзварт орохыг хориглоно.
107. Жолооч гэрэл буюу зохицуулагчийн дохиогоор баруун, зүүн гар тийшээ эргэхдээ уг дохиогоор зам хөндлөн гарч яваа явган зорчигчийг өнгөрүүлсний дараа хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ.
108. Зөвшөөрсөн дохиогоор уулзварт орсон жолооч уулзвараас гарах үедээ гэрэл дохио ямар байгааг үл харгалзан тэр чиглэлд хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ.
Уулзварт жолоочийн явах чиглэлийн өмнө «Зогс» шугам байвал уг уулзварт тавигдсан гэрэл дохио бүрийг удирдлага болгоно.
/Энэ зүйлд НАХ яамны сайдын 1987 оны А/64 тоот тушаалаар нэмэлт орсон/
109. Жолооч зүүн гар тийшээ эргэхийн тулд уулзвар дээр гарч ирээд өөдөөс шулуун явж байгаа болон баруун гар тийшээ эргэж байгаа тээврийн хэрэгслийг, мөн буцаж эргэхдээ өөдөөс нь шулуун явж байгаа тээврийн хэрэгслийг өнгөрүүлнэ.
Зохицуулагчийн дохиогоор буцаж эргэхдээ зүүн гар талаас баруун гар тийшээ эргэж байгаа тээврийн хэрэгслийг өнгөрүүлнэ.
Жолооч зүүн гар тийшээ буюу буцаж эргэхдээ уулзварын төвийг баруун гар талдаа орхиж явна.
110. Уулзвар дээр буцаж эргэх үйлдэл хийгээд дуусаж байгаа тээврийн хэрэгсэлд хөндлөн замаар ирж яваа жолооч гэрэл дохионы заалтыг үл харгалзан зам тавьж өгнө.
111. Гэрэл буюу зохицуулагчийн хориглосон дохиогоор жолооч, «Зогс» шугам, «Зогс» бичлэгийн өмнө (хэрэв тийм тэмдэглэл байхгүй бол явган зорчигчийн хөдөлгөөнд саад болохгүйгээр уулзварын өмнө) зогсох үүрэгтэй.