БНМАУ-ын НАХ яамны сайдын 1985 оны 6 дугаар
сарын 4-ний өдрийн 380 тоот тушаалаар батлав.
БНМАУ-ЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ
(НАХЯ-ны сайдын 1987 оны А/64 тоот тушаалаар оруулсан
нэмэлт, өөрчлөлтүүдийг тусгав)
Долдугаар бүлэг
ЗАМЫН УУЛЗВАР, ЯВГАН ХҮНИЙ ГАРЦ, НИЙТИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН БУУДАЛ, ТӨМӨР ЗАМЫН ГАРМААР НЭВТРЭХ
Зохицуулдаггүй уулзвар нэвтрэх
112. Гол, туслах замын уулзварыг (тээврийн хэрэгслийн хөдөлгөөний үргэлжлэх чиглэлээс хамаарахгүйгээр) гол замаар яваа тээврийн хэрэгсэл түрүүлж нэвтрэх бөгөөд туслах замаар яваа жолооч түүнд зам тавьж өгнө. Хэрэв замын чанарыг ялгасан тэмдэггүй уулзварт ойртон ирсэн жолооч аль нь гол зам болохыг тодорхойлж (харанхуй, цас орсон, бохирдсон зэргээс болж замын тэмдэглэл харагдахгүйгээс) чадахгүй бол өөрийгөө туслах замаар яваад тооцно.
/Энэ зүйлд НАХ яамны сайдын 1987 оны А/64 тоот тушаалаар нэмэлт, өөрчлөлт орсон/
113. Адил замын уулзварт ойртож ирсэн тээврийн хэрэгслүүдээс (хаашаа явах чиглэлээс үл хамааран) аль баруун гар талдаа саадгүй нь хөдөлгөөнийг эхлэх бөгөөд түүний өөдөөс яваа болон зэрэгцээ эгнээний тээврийн хэрэгслүүд хөдөлгөөнөө зэрэг эхлэхийг зөвшөөрнө.
Хэд хэдэн зам нийлсэн бэлчир, мөн талбайгаар бол аль баруун гар талдаа саадгүй нь явна.
Хэрэв уулзвар дээр гол зам чиглэлээ өөрчилж байвал тэр замаар явж байгаа жолооч нар өөр хоорондоо адил замын уулзвар нэвтрэх дүрмийг баримтална. Туслах замаар яваа жолооч нар гол замын тээврийн хэрэгслүүд нэвтэрсний дараа мөн энэ дүрмийг баримтална.
114. Жолооч зохицуулдаггүй уулзварт эргэх үйлдэл хийхдээ 110 дугаар зүйлд зааснаас бусад зохицуулдаг уулзварт эргэх дүрмийг баримтална.