БНМАУ-ын НАХ яамны сайдын 1985 оны 6 дугаар
сарын 4-ний өдрийн 380 тоот тушаалаар батлав.
БНМАУ-ЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ
(НАХЯ-ны сайдын 1987 оны А/64 тоот тушаалаар оруулсан
нэмэлт, өөрчлөлтүүдийг тусгав)
Долдугаар бүлэг
ЗАМЫН УУЛЗВАР, ЯВГАН ХҮНИЙ ГАРЦ, НИЙТИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН БУУДАЛ, ТӨМӨР ЗАМЫН ГАРМААР НЭВТРЭХ
Төмөр замын гарам
120. Жолооч төмөр замын гарам нэвтрэхдээ ойртон ирсэн галт тэрэг, зүтгүүрт зам тавьж өгнө. Жолооч төмөр замын гарамд ойртон очихдоо хөдөлгөөний аюулгүй байдал хангагдсан эсэхийг өөрөө сайтар магадлан, дуут буюу гэрэл дохио, тэмдэг, хаалтын байрлал, гармын жижүүрийн заалтыг удирдлага болгоно.
/Энэ зүйлд НАХ яамны сайдын 1987 оны А/64 тоот тушаалаар өөрчлөлт орсон/
121. Төмөр замын гармын хаалт хаалттай буюу хаагдаж эхэлж байхад, мөн анивчсан улаан гэрэл ассан эсвэл дуут дохио ажиллаж байвал түүгээр нэвтрэн гарахыг хориглоно.
/Энэ зүйлд НАХ яамны сайдын 1987 оны А/64 тоот тушаалаар өөрчлөлт орсон/
122. Төмөр замын гарам хаалттай буюу гэрэл дохио асаж байвал түүнээс 5 метрээс доошгүй зайд, хаалт, гэрэл дохио байхгүй үед төмөр замаас 10 метрээс доошгүй зайд зогсож галт тэргийг өнгөрүүлнэ.
123. Төмөр замын гармаар гарах эгнээний тоог замын тэмдэг, тэмдэглэлээр заагаагүй байвал зөвхөн нэг эгнээгээр нэвтэрнэ. Ердийн хөсгийг тийм гармаар нэвтрүүлэхдээ гурваас илүүгүйгээр хэсэгчлэн гаргана.
124. Төмөр замын гармаар мал тууж гарахдаа аюулгүй байдлыг хангаж богино хугацаанд амжиж гарахуйц тоогоор хэсэг хэсгээр цувуулж гаргана.
125. Жолоочид хориглох нь:
а) гарам дээр араа солих буюу дискэн холбоог салгах;
б) гармын хаалтыг дур мэдэн онгойлгох;
в) гинжит машин механизмыг тээвэрлэхээс бусад байдлаар гаргах;
г) төмөр замыг гарамгүй газраар нэвтрэн гарах;
д) төмөр замын гармын хаалт хаагдсан байвал түүнийг тойрч сүлжих, хаалтын өмнө зогсож байгаа тээврийн хэрэгслийг тойрон гарах;
/Энэ заалтад НАХ яамны сайдын 1987 оны А/64 тоот тушаалаар өөрчлөлт орсон/
126. Төмөр замын гарам дээр тээврийн хэрэгсэл зайлшгүй шалтгаанаар зогсвол жолооч хүмүүсийг нэн даруй буулгаж, гармыг чөлөөлөх талаар өөрөөсөө шалтгаалах бүх арга хэмжээг авах үүрэгтэй.
Хэрэв гармыг чөлөөлөх боломжгүй бол:
а) бололцоотой үед хоёр хүнийг төмөр замын гармаас хоёр тийш тус бүр 1000 метрийн зайд, ганц хүнтэй байвал замын байдал аль муу үзэгдэх зүг рүү явуулж, өдрийн цагт тод өнгийн сайн харагдах зүйлээр, орчин муу үзэгдэж байгаа нөхцөлд дэнлүү буюу галаар даллаж ойртон ирж яваа галт тэргэнд зогсох дохио өгүүлнэ;
б) жолооч тээврийн хэрэгслийн дэргэд үлдэж ерөнхий түгшүүрийн дуут дохио нэг урт, гурван богино хэмжээгээр өгнө;
в) жолооч ганцаараа явж байвал галт тэрэг ойртон ирж байгаа эсэхийг анхааралтай ажиглан хэрэв галт тэрэг ирж явбал өөрөө угтан гүйж зогсох дохио өгнө;
127. Дор дурдсан тээврийн хэрэгсэл зөвхөн төмөр замын ангийн даргын зөвшөөрөлтэйгээр гармаар нэвтэрч болох бөгөөд уул зөвшөөрлийг нэгээс доошгүй хоногийн өмнө авбал зохино.
а) ачаатай болон ачаагүй бүх өргөн нь 5 метрээс, өндөр нь 4,5 метрээс илүү тээврийн хэрэгсэл;
б) нэг чиргүүлтэй тээврийн хэрэгслийн урт нь 20 метрээс, хоёр буюу түүнээс олон чиргүүлтэй бол 24 метрээс илүү тээврийн хэрэгсэл:
в) онцгой хүнд (өндөр хүчдэлийн шон, гүүрний татанга гэх мэт) ачаа ачсан тусгай зориулалтын тээврийн хэрэгсэл;
/Энэ заалтад НАХ яамны сайдын 1987 оны А/64 тоот тушаалаар өөрчлөлт орсон/
г) цагт 5 км-ээс бага хурдтай өөрөө явдаг машин механизм;