БНМАУ-ын НАХ яамны сайдын 1985 оны 6 дугаар
сарын 4-ний өдрийн 380 тоот тушаалаар батлав.
БНМАУ-ЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ
(НАХЯ-ны сайдын 1987 оны А/64 тоот тушаалаар оруулсан
нэмэлт, өөрчлөлтүүдийг тусгав)
Есдүгээр бүлэг
УНАДАГ ДУГУЙГААР ЗОРЧИГЧДОД ТАВИХ НЭМЭГДЭЛ ШААРДЛАГА
144. Унадаг дугуйн хонх нь ажиллагаатай, тоормос нь бүрэн, ар тал, хоёр хажуу талдаа улаан буюу шар өнгийн гэрэл ойлгогчтой байхын дээр харанхуй, үзэгдэх орчин хязгаарлагдсан үед хөдөлгөөнд оролцохдоо урд болон арын гэрлээ асааж явна.
/Энэ зүйлд НАХ яамны сайдын 1987 оны А/64 тоот тушаалаар өөрчлөлт орсон/
145. Суурин газрын доторх замд унадаг дугуйг 14, моторт дугуйг 16-гаас дээш насны хүн жолоодож болно.
146. Унадаг дугуйгаар замын зорчих хэсгийн баруун гар талын захаас 1 метрээс холгүй зайд хоёроос илүүгүй эгнээгээр явахыг зөвшөөрнө. Гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахдаа зүүн гар тийшээ эргэх дохио өгч онц анхааралтай явж эгнээнээсээ түр гарахыг зөвшөөрнө.
/Энэ зүйлд НАХ яамны сайдын 1987 оны А/64 тоот тушаалаар өөрчлөлт орсон/
147. Талбай, явган хүний зам, цэцэрлэг доторх замаар дугуйгаар зорчихыг хориглоно. Унадаг дугуйн гарыг сул тавих, дөрөөнд гишгэхгүй явах буюу унадаг дугуй дээр зогсож явах, тээврийн хэрэгсэлд зүүгдэж, чирэгдэхийг хориглоно.
/Энэ зүйлд НАХ яамны сайдын 1987 оны А/64 тоот тушаалаар өөрчлөлт орсон/
148. Дугуйгаар тээвэрлэхийг хориглох тохиолдол:
а) ачаатай өндөр нь (газраас) 1,5 метрээс илүү байх;
б) ачааны урт нь унадаг дугуйн уртаас 0,5 метрээс илүү байх;
в) ачааны өргөн нь дугуйн гарнаас 0,5 метрээс илүү байх;
г) хүн сундалж явах;
149. Унадаг дугуйндаа тусгай гишгүүр, суудал, бэхэлгээ хийж 8 хүртэлх насны нэг хүүхдийг тээвэрлэхийг зөвшөөрнө. Унадаг дугуйгаар зорчигч нь уулзвараар зүүн гар тийшээ буюу буцаж эргэхдээ дугуйнаасаа бууж явган хүний гарцтай газраар хөтлөн гарна. Баруун гар тийшээ эргэх буюу шулуун явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж дугуйнаас буулгүй явахыг зөвшөөрнө.
/Энэ зүйлд НАХ яамны сайдын 1987 оны А/64 тоот тушаалаар өөрчлөлт орсон/
150. Унадаг дугуйгаар зорчигчдод тавих шаардлага мопедоор зорчигчдод нэгэн адил хамаарна.