БНМАУ-ын НАХ яамны сайдын 1985 оны 6 дугаар
сарын 4-ний өдрийн 380 тоот тушаалаар батлав.
БНМАУ-ЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ
(НАХЯ-ны сайдын 1987 оны А/64 тоот тушаалаар оруулсан
нэмэлт, өөрчлөлтүүдийг тусгав)
Аравдугаар бүлэг
ХҮН БУЮУ АЧАА ТЭЭВЭРЛЭЛТ
Хүн тээвэрлэлт
151. Зорчигчдыг хүн тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслээр тээвэрлэнэ. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зорчигчдыг тээвэрлэхэд шаардагдах аюулгүй байдал хангагдсан эсэхийг заавал шалгаж үзсэн байвал зохино.
152. Нийтийн үйлчилгээний тээврийн хэрэгслийн жолоочийн үүрэг:
а) маршрутын тогтоосон буудалд зорчих хэсгийн баруун гар талын хашлага юмуу захад шахаж зогсох;
б) гүйцэд зогссоны дараа хаалгаа нээх;
в) зорчигчдыг бууж, суусны дараа хаалгаа хааж хөдөлгөөн эхлэх;
153. Хүн тээвэрлэх ачааны автомашиныг жолоочийн ажлыг тасралтгүй 3-аас дээш жил хийсэн сахилгатай жолоочоор жолоодуулах бөгөөд доорх шаардлагын дагуу тоноглоно. Үүнд:
а) тэвшин дотор суудал хийж бат бөх бэхэлсэн байна. Суудлын өндөр нь тэвшний дээд ирмэгээс 15 см нам байна;
б) тээвэрлэх зорчигчдын тоо нь тэвшин дэх суудлын тооноос илүү байж болохгүй;
Ачааны автомашинд тээвэрлэх хүний тоо:
Ачааны машины даац (тонноор) |
Хүний тоо |
1,5 хүртэл 1,5-2 хүртэл 2-3 хүртэл 3-5 хүртэл 5-7 хүртэл 7-гоос дээш |
9 16 20 24 30 36 |
в) байнга хүн тээвэрлэхэд зориулсан ачааны автомашин тусгай бүрхүүлтэй, дотроо гэрэлтэй, зорчигчдыг буулгах, суулгах шаттай, жолоочид өгөх дохиотой байвал зохино;
г) хоёр литрээс багагүй багтаамжтай гал унтраагуурыг тэвшний хашлаганы гадна талд хялбархан авч болохоор бэхэлнэ;
154. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зорчигчдод буух, суух, зорчих журмын тухай зааварчилж, хөдөлгөөний үед тэвшин дээр зогсож явж болохгүйг заавал анхааруулна.
155. Ачааны автомашинаар хүүхэд тээвэрлэхдээ насанд хүрсэн хоёроос доошгүй хүнийг тэвшний урд болон арын хэсэгт суулгаж харгалзуулан явбал зохино.
/Энэ зүйлд НАХ яамны сайдын 1987 оны А/64 тоот тушаалаар өөрчлөлт орсон/
156. Хүн тээвэрлэхэд зориулаагүй ачааны автомашин дээр зөвхөн тухайн ачааг дагалдан яваа юмуу хүлээж авахаар яваа хүнийг (тэвшний ирмэгээс нам зассан суудалд) суулгаж явахыг зөвшөөрнө.
157. Хүн тээвэрлэхийг хориглох нь:
а) ачааны мотоциклоор;
б) тээврийн хэрэгслийн бүхээг, тэвшинд тогтоосон тооноос олон хүнийг;
в) суудлын автомашины урд суудал, мотоциклын арын суудалд тусгай бэхэлгээ хийлгүйгээр 12 нас хүрээгүй хүүхэд тээвэрлэх;
г) мотоцикл, мопед болон тээврийн хэрэгслийн задгай тэвшин дээр согтууруулах ундаа, айраг уусан хүн тээвэрлэх;
/Энэ заалтад НАХ яамны сайдын 1987 оны А/64 тоот тушаалаар өөрчлөлт орсон/
д) өөрөө буулгадаг автомашин, цистерн зэрэг тусгай зориулалтын автомашин, трактор, өөрөө явдаг машин механизмын бүхээгнээс бусад газарт, чиргүүлтэй тээврийн хэрэгслийн тэвшин дээр хүн тээвэрлэх;
/Энэ заалтад НАХ яамны сайдын 1987 оны А/64 тоот тушаалаар өөрчлөлт орсон/