Mongolian Traffic Research Institute

БНМАУ-ын НАХ яамны сайдын 1985 оны 6 дугаар

сарын 4-ний өдрийн 380 тоот тушаалаар батлав.

 

БНМАУ-ЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ

(НАХЯ-ны сайдын 1987 оны А/64 тоот тушаалаар оруулсан

нэмэлт, өөрчлөлтүүдийг тусгав)

 

Аравдугаар бүлэг

ХҮН БУЮУ АЧАА ТЭЭВЭРЛЭЛТ

 

Ачаа тээвэрлэлт

158. Тээвэрлэх ачааг дор дурдсан шаардлагыг хангахаар байрлуулж, бэхэлсэн байна. Үүнд:

а) хөдөлгөөнд оролцогчдод аюул учруулахгүй, унаж чирэгдэхгүй байх;

б) жолоочийн харах орчныг хязгаарлахгүй байх;

в) тээврийн хэрэгслийн тогтвортой байдлыг алдагдуулахгүй, жолоодлогыг хүндрүүлэхгүй байх;

г) зогсох буюу эргэх дохионы гэрэл, улсын дугаар, таних тэмдэг, гараар өгөх дохио зэргийг халхлахгүй байх;

д) дуу чимээ, эвгүй үнэр гаргах, шороо тоос босгох, замд хог тарихгүй байх;

Дуу чимээ гаргах ачааг суурин газарт шөнийн 22 цагаас өглөөний 6 цаг хүртэл ачих, буулгахыг хориглоно.

159. Тээврийн хэрэгслийн ачаатай болон ачаагүй өндөр нь 4 м, өргөн нь 2,5 м, ачаа нь тээврийн хэрэгслийн арын хашлагаас 2 м, нэг чиргүүлтэй тээврийн хэрэгслийн нийт урт нь 20 м, хоёр буюу түүнээс дээш чиргүүлтэй үед 24 м-ээс илүү бол хөдөлгөөнд оролцоход УАТХШБ албанаас зөвшөөрөл авна.

/Энэ зүйлд НАХ яамны сайдын 1987 оны А/64 тоот тушаалаар өөрчлөлт орсон/

160. Тээврийн хэрэгслийн тэвшнээс уртаараа 1 м, өргөнөөрөө 0,4 м-ээс илүү гарсан ачааг тээвэрлэхдээ энэ дүрмийн 177 дугаар зүйлийг баримтална.

161. Тэсэрч дэлбэрэх, цацраг идэвхт, амархан шатах болон бусад аюултай ачаа, тэдгээрийн ариутгаагүй сав боодлыг тусгай зааврын дагуу тээвэрлэнэ.

Тайлбар: Аюултай ачааг тээвэрлэхдээ цагдан сэргийлэх байгууллагаас зөвшөөрөл авна.

162. Суудлын автомашин, мотоцикл, мопедээр урт өргөнөөрөө хааш хаашаа 0,5 м-ээс илүү гарсан зүйл тээвэрлэхийг хориглоно.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»