Mongolian Traffic Research Institute

БНМАУ-ын НАХ яамны сайдын 1985 оны 6 дугаар

сарын 4-ний өдрийн 380 тоот тушаалаар батлав.

 

БНМАУ-ЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ

(НАХЯ-ны сайдын 1987 оны А/64 тоот тушаалаар оруулсан

нэмэлт, өөрчлөлтүүдийг тусгав)

 

Арван хоёрдугаар бүлэг

ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛД ТАВИХ ТЕХНИКИЙН ШААРДЛАГА

 

167. Замын хөдөлгөөнд оролцож яваа тээврийн хэрэгсэл нь техник ашиглалтын зааврын шаардлагыг бүрэн хангасан байвал зохино.

Техникийн улсын үзлэгт зохих журмын дагуу ороогүй, мөн доор дурдсан шаардлагыг хангаагүй механикжсан тээврийн хэрэгсэл, чиргүүлийг ашиглахыг хориглоно.

Тайлбар: Техникийн улсын үзлэгт орсон тухай гэрчилгээг механикжсан тээврийн хэрэгслийн салхины шилний баруун доод буланд үзэгдэхүйцээр байрлуулна.

/Энэ зүйлд НАХ яамны сайдын 1987 оны А/64 тоот тушаалаар нэмэлт, өөрчлөлт орсон/

 

I. Тоормосны систем

а) тоормосны системийн эд ангиудын хийцийг өөрчилсөн;

б) тоормосны гишгүүр дээр нэг удаа гишгэхэд дугуйнууд жигд чирч зогсохгүй буюу тоормос зуурсан;

в) шингэн дамжуулгатай тоормосны системийн битүүмж алдагдсан;

г) хийн дамжуулгатай тоормосны битүүмж алдагдсанаас тоормосыг ажиллуулаагүй үед 30 минутын хугацаанд, ажиллуулсан үед 15 минутын хугацаанд хийн даралтын хэмжээ 0,5 кгс/см2-аар буурсан;

д) хийн дамжуулгатай тоормосны системийн даралт хэмжүүр ажиллахгүй болсон;

е) хий хураагуур, тоормосны системийг шаардлагатай даралтаар хангаж чадахгүй болсон;

ж) чиргүүлийн тоормосны систем байхгүй буюу гэмтсэн;

з) гар тоормос доор дурдсан өгсүүр буюу уруу газарт, тээврийн хэрэгслүүдийг тогтоон барьж чадахгүй болсон

- 16%-д бүрэн ачаатай тээврийн хэрэгслүүдийг;

- 23%-д ачаагүй суудлын автомашин болон түүний ачаа тээхэд зориулсан төрлүүд, автобусыг;

- 31%-д ачаагүй ачааны машинуудыг;

Тайлбар: Гар тоормосны идэвхжлийг шалгах үедээ хөдөлгүүрийн эргэлтийг хүч дамжуулах ангиас салгасан байвал зохино.

и) цемент, асфальт бетон хучилттай тэгш хуурай (цэвэр) зорчих хэсэг дээр тээврийн хэрэгслийг 40 км/цаг-ийн хурдтай яваа үед зогсооход тоормосны замын урт нь 1 дүгээр хүснэгтэд зааснаас илүү байх;

 

Хүснэгт 1

Тээврийн хэрэгслийн төрөл

Тоормосны зам, м

Суудлын автомашин, түүний хүн буюу ачаа тээвэрлэхэд зориулсан төрлүүд

14,5

Бүх жин нь 5 т хүртэлх автобус (5 т орно)

18,7

Бүх жин нь 5 т-оос дээш автобус

19,9

Бүх жин нь 3,5 т хүртэлх ачааны автомашин (3,5 т орно)

19,0

Бүх жин нь 3,5-12 т хүртэлх ачааны автомашин (12 т орно)

18,4

Бүх жин нь 12 т-оос дээш ачааны автомашин

17,7

Бүх жин нь 3,5 т хүртэлх авто чирэгч (3,5 т орно)

22,7

Бүх жин нь 12 т-оос дээш авто чирэгч

21,9

Хоёр дугуйтай мотоцикл, мопед

7,5

Шаахайтай мотоцикл

8,2

 

Тайлбар: Дээрх тоормосны замын урт нь ачаагүй тээврийн хэрэгсэлд хамаарна.

Автомашиныг тоормослож зогсооход шулуун чиглэлээ хадгалж чадахгүй бол тоормос бүрэн ажиллагаатай байна гэж тооцохгүй, энэ үед жолооч жолооны хүрдийг эргүүлэхгүй байна.

/Энэ заалт ба хүснэгтэд НАХ яамны сайдын 1987 оны А/64 тоот тушаалаар өөрчлөлт орсон/

 

II. Жолооны механизм

а) жолооны механизмын хөндлөн, дагуу татуургын бэхэлгээ эвдэрсэн, тэдгээрийн нугасан холбооны сул хөдөлгөөн ихэссэн;

б) шингэнт хүчлүүрийн битүүмж алдагдсан;

в) жолооны механизмын эд ангиуд эвдэрч ан цав, бусад гэмтэл гарсан;

г) жолооны механизмын эд ангийн хийц, шингэний найрлага нь тухайн тээврийн хэрэгслийн төрөл, үйлдвэрийн зааварт тохирохгүй болсон;

д) жолооны хүрдний сул эргэлтийн хэмжээ 2 дугаар хүснэгтэд зааснаас их байх;

 

Хүснэгт 2

Тээврийн хэрэгслийн төрөл

Жолооны хүрдний сул эргэлтийн хэмжээ (град)

Суудлын автомашин, түүний явах ангид суурилуулсан хүн буюу ачаа тээвэрлэхэд зориулсан төрлүүд

10

Автобус

20

Ачааны автомашин

25

/Энэ хүснэгтэд НАХ яамны сайдын 1987 оны А/64 тоот тушаалаар өөрчлөлт орсон/

 

III. Дугуй

а) дугуйны хээний гүн нь газарт тулах хэсгээрээ суудлын автомашинд 1,6 мм, ачааны автомашин, чиргүүлд 1,0 мм, автобус, троллейбусанд 2,0 мм, мотоцикл, мопедонд 0,8 мм-ээс бага болсон;

/Энэ заалтад НАХ яамны сайдын 1987 оны А/64 тоот тушаалаар өөрчлөлт орсон/

б) дугуй нэвт цоорсон, утаснууд нь тасарсан;

в) дугуйн хэмжээ, даац нь тээврийн хэрэгслийн тухайн төрөлд тохироогүй;

г) дугуйн булны бэхэлгээ сул, найдвар муутай бэхлэгдсэн, дугуйн цоожлох цагираг гэмтсэн, буруу тавьсан;

д) тээврийн хэрэгслийн нэг тэнхлэгт өөр марк, хээтэй дугуй тавьсан;

е) давхар дугуйнуудын хооронд ямар нэгэн зүйл хавчуулагдсан;

/Энэ заалтыг НАХ яамны сайдын 1987 оны А/64 тоот тушаалаар нэмсэн/

ё) нийтийн үйлчилгээний тээврийн хэрэгслийн урд тэнхлэгт нэгдүгээр бүлгийн засварын, арын тэнхлэгт хоёрдугаар бүлгийн засварын дугуй тавьсан;

ж) суудлын автомашин, автобусны урд тэнхлэгт хоёрдугаар бүлгийн засварын дугуй тавьсан;

з) дугуй нь бусад эд ангитай хавирсан;

и) дугуйн хийн даралт зохих хэмжээндээ тохироогүй;

 

IV. Хөдөлгүүр, хүч дамжуулах анги

а) хөдөлгүүрийн ажилласан хийн найрлагад байгаа нүүрсхүчлийн хий (СО) буюу утаа хаялт тогтоосон хэмжээнээс ихэссэн;

б) тэжээлийн системээс түлш гоожсон;

в) дуу намжаагуур ажиллахгүй буюу байхгүй;

г) хурдны хайрцгийн араа хүндрэлтэй залгагдах, өөрөө салдаг;

д) кардан гол цавтай, савлагаатай;

е) дискэн холбоо залгагдахгүй, салахгүй болсон;

 

V. Гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл

а) гэрлийн тоо, хэлбэр, байрлал нь тухайн тээврийн хэрэгслийн хийцэнд тохирохгүй;

б) хол, ойрын гэрлийн тусгалын тохироо алдагдсан;

в) хол, ойрын гэрлүүд зэрэг асдаг;

г) хол, ойрын буюу жижиг гэрлүүд, тоормос, эргэх дохионы болон чиргүүлтэй автомашины таних гэрлүүд бохирдсон, асахгүй буюу бүдэг асдаг;

/Энэ заалтад НАХ яамны сайдын 1987 оны А/64 тоот тушаалаар өөрчлөлт орсон/

д) үйлдвэрээс тавьсан гэрэл ойлгуур байхгүй буюу бохирдсон;

е) дугаарын гэрэл нь цэлмэг үед 20 метрийн дотор улсын дугаарын үсэг, тоог дутуу гэрэлтүүлсэн;

ж) гэрэл дохионы системийн унтраалга, шилжүүлүүр гэмтсэн;

Тайлбар:

а) үйлдвэрээс тавиагүй гэрэлтүүлүүр элдэв нэмэлт гэрэл хэрэглэхийг хориглоно;

б) урд талд хурц улаан, ар талд хурц цагаан гэрэл тавихыг хориглоно.

 

VI. Бүхээг, тэвш, нэмэлт төхөөрөмж

а) шил арчуур, цан үлээгүүр ажиллахгүй болсон;

/Энэ заалтад НАХ яамны сайдын 1987 оны А/64 тоот тушаалаар өөрчлөлт орсон/

б) ар талаа харах толь, бүхээгний шил, дуут дохио, нарны хаалт, нууц унтраалга байхгүй болсон;

в) хурд хэмжүүр ажиллахгүй буюу лацгүй (лац нь амины тээврийн хэрэгсэлд хамаарахгүй);

/Энэ заалтад НАХ яамны сайдын 1987 оны А/64 тоот тушаалаар өөрчлөлт орсон/

г) бүхээг, тэвшний цоож, бэхэлгээ, түгжээ эвдэрсэн;

д) дуут дохио ажилгүй болсон;

/Энэ заалтад НАХ яамны сайдын 1987 оны А/64 тоот тушаалаар өөрчлөлт орсон/

е) тээврийн хэрэгслийн чиргүүл чирэх холбооны хэрэгсэл гэмтсэн;

ж) автобусны хаалга онгойлгох, хаах хэрэгсэл, кондуктороос жолоочид өгөх дохио ажилгүй болсон;

з) тэвшний банз эвдэрсэн, бүхээг, тэвшний гадна хэсэг эвдэрсэн, будаг нь хуурч, өнгө үзэмж нь муудсан;

и) шаврын хаалтгүй, мөн нумын үндсэн хуудас буюу төв боолт нь эвдэрсэн;

/Энэ заалтад НАХ яамны сайдын 1987 оны А/64 тоот тушаалаар өөрчлөлт орсон/

к) автобус, суудлын болон ачааны автомашинд эмийн сан, гал унтраагуур, ослын зогсолтын тэмдэггүй болсон;

л) мотоциклд зориулалтын гишгүүр, зорчигчийн барих бариул байхгүй;

м) тээврийн хэрэгслийн бүхээгний шилэн дээр юм бичих, зураг наах, хөшиг татах, цацаг элдэв зүйл унжуулах зэргээр жолоочийн харах боломжийг хязгаарласан;

Тайлбар: Суудлын автомашины арын цонхонд хөшиг татах шаардлага гарвал, зүүн, баруун (гадна) талдаа ар талаа харах толь заавал тавина.

н) тээврийн хэрэгслийн хийц маягийг өөрчлөх, өөр төрөл, маркийн автомашины эд анги тавьсан;

/Энэ заалтад НАХ яамны сайдын 1987 оны А/64 тоот тушаалаар өөрчлөлт орсон/

о) хаалга гүйцэд хаагдаж нээгдэхгүй, орох гарах хаалгаа харах тольгүй, толио буруу тавьсан, бүхээг хаалганы гэрэл ажиллахгүй, мөн техникийн ашиглалтын дүрмэнд заасан бусад эвдрэл гэмтэлтэй автобус, троллейбусыг ажилд гаргахыг тус тус хориглоно.

168. Замын хөдөлгөөнд оролцож явахдаа тээврийн хэрэгслийн тоормос, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэх орчин хязгаарлагдсан үед том, жижиг гэрлүүд асахгүй, цас, бороо орж байхад жолоочийн талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно.

/Энэ зүйлд НАХ яамны сайдын 1987 оны А/64 тоот тушаалаар өөрчлөлт орсон/

169. Тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож явахад энэ дүрэмд заасан бусад гэмтэл тохиолдвол хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж аль ойр байгаа зогсоол юмуу гараашдаа буцаж ирнэ.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»