Mongolian Traffic Research Institute

БНМАУ-ын НАХ яамны сайдын 1985 оны 6 дугаар

сарын 4-ний өдрийн 380 тоот тушаалаар батлав.

 

БНМАУ-ЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ

(НАХЯ-ны сайдын 1987 оны А/64 тоот тушаалаар оруулсан

нэмэлт, өөрчлөлтүүдийг тусгав)

 

Арван гуравдугаар бүлэг

ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН УЛСЫН ДУГААР, ТАНИХ, АНХААРУУЛАХ ТЭМДЭГ, БИЧЛЭГ, ТЭМДЭГЛЭЛ

 

170. Автомашин, автобус, мотоцикл, өөрөө явдаг машин механизм, чиргүүлийг эзэмшигч үйлдвэр, албан газар, байгууллага, амины автомашин, мотоцикл эзэмшигч хүмүүс уг тээврийн хэрэгслийг авснаас хойш 48 цагийн дотор УАТХШБ албанд бүртгүүлж улсын дугаар авна.

Механикжсан тээврийн хэрэгслээр өөр аймаг, хотод очиж 3 сараас илүү хугацаагаар ажиллах бол уг аймаг, хотын УАТХШБ албанд бүртгүүлнэ.

/Энэ зүйлд НАХ яамны сайдын 1987 оны А/64 тоот тушаалаар нэмэлт, өөрчлөлт орсон/

171. Улсын дугаарын тоо, үсгийг автомашин, чиргүүл, цистерний хоёр хажуу болон ар талд, автобусны зөвхөн ар талд үндсэн өнгөөс тод ялгарах өнгөөр бичсэн байна. Үсгийн өндөр нь 200 мм, өргөн нь 120 мм, зураасны өргөн нь 30 мм, тооны өндөр нь 300 мм, өргөн нь 130 мм, зураасны өргөн нь 30 мм байна. Яам, тусгай газар, аймаг, хотод харъяалагдах тээврийн хэрэгслийн дугаарын ялгах үсгийг УАТХШБГ-аас тогтооно.

/Энэ зүйлд НАХ яамны сайдын 1987 оны А/64 тоот тушаалаар өөрчлөлт орсон/

172. Улсын дугаарын хэмжээ, хэлбэр, хийц, өнгө, байрлалыг өөрчлөх, элдэв нэмэлт тэмдэглэл хийхийг хориглоно.

173. Автомашиныг чиргүүлтэй жолоодоход тэвшний урд талд юмуу бүхээг дээр шар өнгийн тэнцүү талт гурвалжин эсвэл хоорондоо 150-300 мм-ийн зайтай анхааруулах гурван шар гэрэл тавина. Гурвалжны бүх талын урт нь 250 мм байвал зохино. Ачаатай буюу ачаагүй тээврийн хэрэгслийн урт нь 24 метрээс илүү байвал ар талд шар дэвсгэртэй, улаан хүрээтэй (өргөн нь 40 мм) 1200x300 мм хэмжээтэй тэгш өнцөгт дотор чиргүүлтэй автомашин зурж нийт уртыг заасан таних тэмдэг тавина.

/Энэ зүйлд НАХ яамны сайдын 1987 оны А/64 тоот тушаалаар нэмэлт, өөрчлөлт орсон/

174. Хүүхэд тээвэрлэж яваа тээврийн хэрэгслийн урд болон ар талд нь «Хүүхэд тээвэрлэж яваа тээврийн хэрэгсэл» гэсэн таних тэмдэг тавина. Уг тэмдэг улаан хүрээтэй, дөрвөлжин бүх талын урт нь тээврийн хэрэгслийн төрлөөс хамааран 250-300 мм, хүрээний өргөн нь талын хэмжээний 1/10-тай тэнцүү байна. Тахир дутуу хүн жолоодсон автомашины арын шилэнд шар дэвсгэртэй, бүх тал нь 150 мм дөрвөлжин «Тахир дутуу хүн» гэсэн таних тэмдэг тавина.

/Энэ зүйлд НАХ яамны сайдын 1987 оны А/64 тоот тушаалаар нэмэлт, өөрчлөлт орсон/

175. Жолоодлогын сургалтад зориулсан тээврийн хэрэгслийн урд болон ар талд нь «С» үсгийг хараар бичсэн, улаан хүрээтэй, цагаан өнгөтэй тэнцүү талт гурвалжин тэмдэг тавина. Тээврийн хэрэгслийн төрлөөс хамааран гурвалжны бүх тал нь 200-300 мм, улаан хүрээний өргөн нь гурвалжны талын 1/10-тэй тэнцүү байна.

176. Тээврийн хэрэгсэлд зөвшөөрөгдсөн хамгийн их хурдны хэмжээг тэвшний зүүн ар талд 2.20 тэмдгийн хэлбэрээр бичиж анхааруулж болно. Тээврийн хэрэгслийн төрлөөс хамааран тэмдгийн голч нь 160-250 мм байх бөгөөд хурдны хэмжээг цагаан дэвсгэр дээр хараар бичнэ. Хүрээний өргөн нь голчийн аравны нэгтэй тэнцүү байна.

177. Аюултай ачаа ачсан тээврийн хэрэгслийн урд болон ар талд 700x300 мм хэмжээтэй, баруун талын 400 мм өргөнтэй хэсгийг улбар шараар, үлдсэн зүүн талын хэсгийг (15 мм өргөнтэй, хар хүрээтэй) цагаанаар будаж, дотор нь тээвэрлэж яваа ачааны онцлогийг тодорхойлсон тэмдэглэл хийнэ. Тээврийн хэрэгсэлд дүрэмд заасан хэмжээнээс илүү гарсан ачаа тээвэрлэхэд ачааны дөрвөн өнцөгт өдрийн цагт улаан, цагаан ташуу зураас хосолсон (нэг зураасны өргөн 50 мм) тэмдэглэл бүхий ялгах тэмдэг буюу 400x400 мм хэмжээтэй дарцаг хийж тавина.

Харанхуй юмуу үзэгдэх орчин хязгаарлагдсан үед гэрэл ойлгогч хэрэгсэл буюу гэрлээр тэмдэглэх бөгөөд урд талын гэрэл нь цагаан, ар талын гэрэл нь улаан байна.

/Энэ зүйлд НАХ яамны сайдын 1987 оны А/64 тоот тушаалаар нэмэлт, өөрчлөлт орсон/

178. ЗТО-оос буюу техникийн гэмтлээс шалтгаалан зогссон тээврийн хэрэгслийг зорчих хэсгээс зайлуулах боломжгүй бол уг тээврийн хэрэгслээс 25-30 метрийн зайд улаан хүрээтэй (өргөн нь 50 мм) цагаан дэвсгэртэй тэнцүү талт (талын урт нь 400 мм) гурвалжин тэмдэг тавьж анхааруулна.

/Энэ зүйлд НАХ яамны сайдын 1987 оны А/64 тоот тушаалаар өөрчлөлт орсон/

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»