БНМАУ-ын НАХ яамны сайдын 1985 оны 6 дугаар
сарын 4-ний өдрийн 380 тоот тушаалаар батлав.
БНМАУ-ЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ
(НАХЯ-ны сайдын 1987 оны А/64 тоот тушаалаар оруулсан
нэмэлт, өөрчлөлтүүдийг тусгав)
Арван дөрөвдүгээр бүлэг
ТЭЭВЭР, ЗАМ АШИГЛАЛТ, НИЙГЭМ АХУЙ БОЛОН БУСАД ҮЙЛДВЭР, АЛБАН ГАЗАР, БАЙГУУЛЛАГЫН АЛБАН ТУШААЛТНЫ ҮҮРЭГ
179. Тээврийн хэрэгслийг харьяалагч улс, хоршоолол, олон нийтийн байгууллагын албан тушаалтан болон бусад хүмүүсийн үүрэг:
а) жолоочийн мэдлэг, мэргэжил, хүмүүжил, хариуцлага, сахилгыг байнга дээшлүүлж, ЗТО, хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, аюулгүй байдлыг хангах асуудлыг удирдан хариуцах;
б) жолоочид тээврийн хэрэгслийг хариуцуулан өгөхдөө уг тээврийн хэрэгслийн зохион байгуулалтын онцлог, жолоодох арга барилтай танилцуулах;
в) улирал, цаг агаарын нөхцөлийг харгалзан хөдөлгөөний журам, маршрутын онцлогийн талаар зааварчлах;
г) техникийн байдал нь энэ дүрмийн шаардлагыг хангахгүй, тогтоосон журмаар тоо бүртгэлд бүртгэгдээгүй, техникийн ээлжит улсын үзлэгт ороогүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх;
/Энэ заалтад НАХ яамны сайдын 1987 оны А/64 тоот тушаалаар өөрчлөлт орсон/
д) ажилд согтуу ирсэн, ажлын явцад согтуу байгаа нь илэрсэн (согтолтын зэргийг харгалзахгүй) мөн хэт ядарсан буюу өвчтэй жолоочоор тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байх;
е) хүн тээвэрлэх ачааны автомашиныг энэ дүрмийн шаардлагыг хангуулж, инженер, техникийн комиссын шийдвэр гаргуулан сахилга, ажлын хариуцлага сайтай жолоочоор жолоодуулах;
ж) жолоодох эрхийн үнэмлэхгүй буюу үнэмлэхээ шалгуулаагүй жолоочид замын хуудас олгохгүй байх;
/Энэ заалтад НАХ яамны сайдын 1987 оны А/64 тоот тушаалаар өөрчлөлт орсон/
з) тээврийн хэрэгслийг тогтоосон газраас өөр байранд тавиулахгүй байх;
и) жолооч нарыг зохих хугацаанд нь эмнэлгийн үзлэгт оруулж байх;
к) жолооч нарыг шугамд гарах, буцаж ирэхэд ажлыг нь шалгаж байх;
л) ЗТО, хэрэг гарсан тухай, мөн бааз, гараашдаа гадна талын эвдрэлтэй буцаж ирсэн тээврийн хэрэгслийн талаар УАТХШБ алба буюу аль ойр байгаа цагдан сэргийлэх байгууллагад нэн даруй мэдэгдэж байх;
м) жолооч нарын хөдөлгөөний дүрмийн мэдлэгийг үе үе шалгаж тэдний мэдлэгийг дээшлүүлэх, давтан сургах системтэй арга хэмжээ авч байх;
180. Зам ашиглалт, нийгэм ахуй, барилга болон бусад байгууллагын албан тушаалтан, холбогдох хүмүүсийн үүрэг:
а) замын хөдөлгөөн зохицуулах техник хэрэгсэл, замын гадаргууг бүрэн бүтэн байлгах, зам эвдэрсэн, мөстсөн зэргээс хөдөлгөөнд аюул учруулж болзошгүй тохиолдолд замын тэр хэсэгт хөдөлгөөнийг хязгаарлах буюу хориглох, нэн даруй засуулж цэвэрлүүлэх;
б) засвар үйлчилгээ хийж байгаа замын хэсгийг (зам гаргах, түр хугацаагаар явган хүний зам гаргах гэх мэт) хашиж тусгаарлах, түүнийг тойрч гаргах чиглэлийг заасан тэмдэг тавих;
/Энэ заалтад НАХ яамны сайдын 1987 оны А/64 тоот тушаалаар өөрчлөлт орсон/
в) ажиллаагүй машин механизмыг зорчих хэсгээс зайлуулах, хэрэв боломжгүй бол тод харагдахуйц хэц, тэмдгээр анхааруулах, харанхуй, үзэгдэх орчин хязгаарлагдсан үед нэмэгдэл улаан гэрэл тавих;
г) гинж, ажлынхаа хэрэгслээр замын зорчих хэсгийг эвдэж болох машин механизмыг цардмал замаар явуулахгүй байх;
181. Газар шорооны ажил хийдэг барилга болон бусад байгууллагын албан тушаалтан хатуу хучилттай авто зам, төмөр замын гармаар байнга зорчдог тээврийн хэрэгслийнхээ дугуйн шавар шавхайг тогтмол цэвэрлүүлж байх.
182. Нэгдэл, САА, бусад албан газар байгууллага, ард иргэд мал, шувуугаа замын зорчих хэсэгт оруулахгүй байх арга хэмжээ авна.