Mongolian Traffic Research Institute

Засгийн газрын дэргэдэх Цагдаагийн ерөнхий газрын

даргын 1991 оны б/175 тоот тушаалаар батлав.

 

МОНГОЛ УЛСЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ

(Цагдаагийн ерөнхий газрын даргын 1993 оны 88 тоот тушаалаар

оруулсан нэмэлт өөрчлөлтүүдийг тусгав)

 

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

ЗАМЫН ТЭМДЭГ, ТЭМДЭГЛЭЛ

 

Хориглох тэмдэг

27. Хориглох тэмдэг нь замын хөдөлгөөнд тодорхой хязгаарлалт тогтоохоос гадна хязгаарлалтыг өөрчилнө. Хориглох тэмдэг нь дугуй хэлбэртэй улаан буюу хар хүрээтэй байна.

2.22, 2.23 тэмдгүүд цэнхэр дэвсгэртэй байна.

2.1. «Орох хориотой» Тээврийн хэрэгслүүд тэмдгээс цааш явахыг хориглоно.

2.2. «Явах хориотой» Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглоно.

2.3. «Механикжсан тээврийн хэрэгсэл явах хориотой».

2.4. «Ачааны автомашин явах хориотой» Бүх жин нь 3,5 т-оос (3,5 т орно) илүү ачааны автомашин, трактор, өөрөө явдаг машин механизмын хөдөлгөөнийг хориглоно. Тэмдэгт зөвшөөрөх бүх жинг зааж болно.

2.5. «Мотоцикл явах хориотой»

2.6. «Ердийн хөсөг явах хориотой» Ердийн хөсгөөр явах, мал туух юм уу хөтөлж явахыг хориглоно.

2.7. «Трактор явах хориотой» Бүх төрлийн трактор өөрөө явдаг бусад машин, механизм явахыг хориглоно.

2.8. «Чиргүүлтэй явах хориотой» Трактороор юм уу бүх жин нь 3,5 (3,5 т орно) т-оос илүү ачааны автомашинаар чиргүүл, ямар нэгэн механикжсан тээврийн хэрэгсэл чирч явахыг хориглоно.

2.9. «Унадаг дугуйгаар явах хориотой» Бүх төрлийн унадаг дугуй, хөдөлгүүртэй дугуйгаар явахыг хориглоно.

2.10. «Явган явах хориотой» Зам дээр ажил хийж байгаа хүмүүсээс бусад хүн тухайн замаар явган явахыг хориглоно.

2.11. «Жингийн хязгаарлал» Тээврийн хэрэгслийн бодит жин нь тэмдэгт заасан болон түүнээс илүү байвал замын тухайн хэсгээр явахыг хориглоно.

2.12. «Тэнхлэгийн ачааллын хязгаарлал» Тээврийн хэрэгслийн аль нэг тэнхлэгт ноогдох ачааллын хэмжээ тэмдэгт заасан болон түүнээс илүү байвал замын тухайн хэсгээр явахыг хориглоно.

2.13. «Өндрийн хязгаарлал» Тээврийн хэрэгслийн ачаатай буюу ачаагүй өндрийн хэмжээ тэмдэгт заасан болон түүнээс илүү байвал замын тухайн хэсгээр явахыг хориглоно.

2.14. «Өргөний хязгаарлал» Тээврийн хэрэгслийн ачаатай буюу ачаагүй өргөний хэмжээ тэмдэгт заасан болон түүнээс илүү байвал замын тухайн хэсгээр явахыг хориглоно.

2.15. «Зогсохгүй явах хориотой» Тэмдэг тавьсан газарт жолооч түр зогсохгүйгээр явахыг хориглоно.

2.16. а. «Зүүн гар тийш эргэх хориотой» Тээврийн хэрэгсэл зүүн гар тийш болон буцаж эргэхийг хориглоно.

2.16. б. «Баруун гар тийш эргэх хориотой»

2.17. «Буцаж эргэх хориотой» Тээврийн хэрэгсэл буцаж эргэхийг хориглох бөгөөд харин зүүн гар тийш эргэхийг зөвшөөрнө.

2.18. «Гүйцэж түрүүлэх хориотой» Цагт 30 км-ээс бага хурдтай яваагаас бусад тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэхийг хориглоно.

2.19. «Ачааны автомашинаар гүйцэж түрүүлэх хориотой» Бүх жин нь 3,5 тонноос дээш ачааны автомашинаар цагт 30 км-ээс бага хурдтай яваагаас бусад тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэхийг хориглоно.

2.20. «Хурдны дээд хязгаарлал» хөдөлгөөний хурдыг тэмдэгт заасан болон түүнээс хэтрүүлэхийг хориглоно.

2.21. «Дуут дохио хориотой» Зөвхөн ЗТО гарч болзошгүй үед дуут дохио хэрэглэж болно.

2.22. «Түр зогсох хориотой» Тээврийн хэрэгсэл түр буюу удаан зогсохыг хориглоно.

2.23. «Удаан зогсох хориотой» Тээврийн хэрэгсэл удаан зогсохыг хориглоно.

2.24. «Сөрөг хөдөлгөөн хориотой» Өөдөөс ирж яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад болохоор байвал замын нарийссан хэсэгт орохыг хориглоно.

2.25. а «Гүйцэж түрүүлэх хорионы төгсгөл» 2.18 тэмдгийн хүчинтэй хүрээ дууссаныг заана.

2.25. б «Ачааны автомашинаар гүйцэж түрүүлэх хорионы төгсгөл» 2.19 тэмдгийн хүчинтэй байх хүрээ дууссаныг заана.

2.25. в «Хурдны дээд хязгаарлалын төгсгөл» 2.20 тэмдгийн хүчинтэй байх хүрээ дууссаныг заана.

2.25. г «Бүх хорионы төгсгөл» 2.18-2.23 тэмдгүүдийн хориглох хүрээ дууссаныг заана.

28. 2.2, 2.3, 2.16. а, б, 2.17, 2.22 тэмдгүүд нь нийтийн үйлчилгээний тээврийн хэрэгсэлд үл хамаарна.

29. 2.18-2.23 тэмдгүүдийг хориглолт тогтоож байгаа хэсгийн өмнө тавина.

2.2-2.8 тэмдгийг уулзвар, гарцын өмнө тавьсан байвал хөндлөн замаар явахыг хориглож, чигээрээ буюу буцаж явахыг зөвшөөрнө. Харин тэмдгийг уулзвар, гарцын цаана тавьсан байвал тухайн зам, гарц уруу орж үл болно. 2.16. а, б, 2.17 тэмдгийг уулзварын өмнө тавьсан байвал хөндлөн огтолсон замын зөвхөн эхний зорчих хэсэгт хамаарна.

2.18-2.23 тэмдэг нь суурин газрын дотор тавьсан газраасаа дараагийн уулзвар хүртэл, уулзваргүй замд бол суурин газраас гүйцэд гартал хүчинтэй байна.

5.1 тэмдгийг хамт хэрэглэснээр эдгээр тэмдгийн үйлчлэх хүрээг багасгаж болно.

2.22, 2.23 тэмдэг замын аль талд тавьсан байна тэр талдаа хүчинтэй.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»