Mongolian Traffic Research Institute

Засгийн газрын дэргэдэх Цагдаагийн ерөнхий газрын

даргын 1991 оны б/175 тоот тушаалаар батлав.

 

МОНГОЛ УЛСЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ

(Цагдаагийн ерөнхий газрын даргын 1993 оны 88 тоот тушаалаар

оруулсан нэмэлт өөрчлөлтүүдийг тусгав)

 

ТАВДУГААР БҮЛЭГ

ЗАМЫН ХӨДӨЛГӨӨН ЗОХИЦУУЛАХ ДОХИО

 

Зохицуулагчийн дохио

54. Зохицуулагч биеийн байрлал, гарынхаа заалтаар дохио өгнө.

55. Зохицуулагч жолооч, явган зорчигч уруу хажуугаараа хандан гараа цээжиндээ авсан буюу доош буулгасан байвал:

а) тээврийн хэрэгсэл чигээрээ юмуу баруун гар тийш явж болно;

б) явган зорчигч зам хөндлөн гарахыг зөвшөөрнө.

56. Зохицуулагч баруун гараа урагш сунгасан байвал:

а) түүний ар тал буюу баруун гар талаас яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглоно. Явган зорчигч зохицуулагчийн зөвхөн ар талаар зам хөндлөн гарч болно;

б) зохицуулагчийн өөдөөс ирж яваа тээврийн хэрэгсэл зөвхөн баруун гар тийш эргэх бөгөөд явган зорчигч зам хөндлөн гарахыг хориглоно;

в) зохицуулагчийн зүүн гар талаас яваа тээврийн хэрэгсэл бүх чигт явж болно.

57. Зохицуулагч баруун гараа цээжиндээ авсан буюу доош буулгасан байвал түүний ар, өвөр талаас яваа тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн хөдөлгөөнийг хориглоно.

58. Зохицуулагч гараа дээш өргөсөн байвал тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн хөдөлгөөнийг хориглоно. Дохио өөрчлөгдөх үед уулзварт орсон жолооч аюулгүй байдлыг хангасны үндсэн дээр хөдөлгөөнөө үргэлжлүүлж болох бөгөөд зорчих хэсэг дээр яваа зорчигч хөдөлгөөнөө үргэлжлүүлэх юмуу, аюулгүйн зурвас дээр (аюулгүйн зурвас байхгүй бол замын голд) зогсож дараагийн зөвшөөрөх дохиог хүлээнэ.

59. Зохицуулагч дохиураа болон гараа дээш доош болгон дохиж байвал заасан тээврийн хэрэгслийн жолооч зогсох үүрэгтэй. Зохицуулагчийн бүсний анивчсан шар гэрэл буюу шүглийн дохио нь хөдөлгөөнд оролцогчдын анхаарлыг өндөржүүлэх зорилготой.

60. Зохицуулагч жолооч, явган зорчигчдод хөдөлгөөний чигийг өөрчлөх, баруун гар талын захын эгнээг эзлэх, хөдөлгөөний хурдаа хасах буюу нэмэх, зогсохыг анхааруулсан ойлгогдохуйц дохио өгч болно.

61. Зохицуулагчийн дохио нь гэрэл дохио, тэмдэг, тэмдэглэлээс эсрэг утгатай байвал жолооч, явган зорчигчид зохицуулагчийн дохиог баримтална.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»