Mongolian Traffic Research Institute

Засгийн газрын дэргэдэх Цагдаагийн ерөнхий газрын

даргын 1991 оны б/175 тоот тушаалаар батлав.

 

МОНГОЛ УЛСЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ

(Цагдаагийн ерөнхий газрын даргын 1993 оны 88 тоот тушаалаар

оруулсан нэмэлт өөрчлөлтүүдийг тусгав)

 

ДОЛДУГААР БҮЛЭГ

УУЛЗВАР, ЯВГАН ХҮНИЙ ГАРЦ, НИЙТИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН БУУДАЛ, ТӨМӨР ЗАМЫН ГАРАМ НЭВТРЭХ

 

Төмөр замын гарам нэвтрэх

116. Жолооч төмөр замын гарам нэвтрэхдээ ойртон ирсэн галт тэрэг, зүтгүүрт зам тавьж өгнө. Жолооч төмөр замын гарамд ойртон очихдоо хөдөлгөөний аюулгүй байдал хангагдсан эсэхийг магадлан дуут буюу гэрэл дохио, тэмдгийн заалт, хаалтын байрлал, гармын жижүүрийн заалтыг удирдлага болгоно.

117. Төмөр замын гармын хаалт хаалттай буюу хаагдаж эхэлж байхад, мөн анивчсан улаан гэрэл ассан, эсвэл дуут дохио ажиллаж байвал түүгээр нэвтрэн гарахыг хориглоно.

118. Төмөр замын гарам хаалттай буюу гэрэл дохио асаж байвал түүнээс 5 метрээс доошгүй зайд, хаалт гэрэл дохио байхгүй үед төмөр замаас 10 метрээс доошгүй зайд зогсож галт тэргийг өнгөрүүлнэ.

119. Төмөр замын гармаар гарах эгнээний тоог замын тэмдэг, тэмдэглэлээр заагаагүй байвал зөвхөн нэг эгнээгээр нэвтэрнэ.

Ердийн хөсгийг төмөр замын гармаар гурваас илүүгүйгээр цувуулж гаргана.

120. Төмөр замын гармаар мал тууж гарахдаа аюулгүй байдлыг хангаж богино хугацаанд амжиж гарахуйц тоогоор хэсэг хэсгээр цувуулж гаргана.

121. Жолоочид хориглох нь:

а) төмөр замын гарам дээр араа солих буюу авцуулах холбоог салгах;

б) гармын хаалтыг дур мэдэн онгойлгох;

в) гинжит машин механизмыг төмөр замын гармаар тээвэрлэхээс бусад байдлаар гаргах;

г) төмөр замыг гарамгүй газраар нэвтрэн гарах;

д) төмөр замын гармын хаалт хаагдсан байвал түүнийг тойрч сүлжих, хаалтын өмнө зогсож байгаа тээврийн хэрэгслийг тойрон гарах.

122. Төмөр замын гарам дээр тээврийн хэрэгсэл зайлшгүй шалтгаанаар зогсвол жолооч хүмүүсийг нэн даруй буулгаж, гармыг чөлөөлөх талаар өөрөөсөө шалтгаалах бүх арга хэмжээ авбал зохино.

Хэрэв гармыг чөлөөлөх боломжгүй бол:

а) бололцоотой үед хоёр хүнийг төмөр замын дагуу гармаас хоёр тийш 1000 метрийн зайд, ганц хүнтэй байвал замын аль муу үзэгдэх зүг уруу явуулж, өдрийн цагт тод өнгийн сайн харагдах зүйлээр, орчин муу үзэгдэж байгаа нөхцөлд дэнлүү буюу галаар даллаж ойртон ирж яваа галт тэргэнд зогсох дохио өгүүлнэ;

б) жолооч тээврийн хэрэгслийн дэргэд үлдэж ерөнхий түгшүүрийн дуут дохио (нэг урт, гурван богино хэмжээгээр) өгнө;

в) жолооч ганцаараа явж байсан бол галт тэрэг ойртон ирж байгаа эсэхийг анхааралтай ажиглан, хэрэв галт тэрэг ирж явбал өөрөө угтан гүйж зогсох дохио өгнө.

123. Дор дурдсан тээврийн хэрэгсэл зөвхөн төмөр замын ангийн даргын зөвшөөрөлтэйгөөр гармаар нэвтэрч болох бөгөөд уул зөвшөөрлийг нэгээс доошгүй хоногийн өмнө авна:

а) ачаатай болон ачаагүй бүх өргөн нь 5 метрээс, өндөр нь 4,5 метрээс илүү тээврийн хэрэгсэл;

б) нэг чиргүүлтэй тээврийн хэрэгслийн нийт урт нь 20 метрээс, хоёр буюу түүнээс олон чиргүүлтэйнх 24 метрээс илүү бол;

в) онцгой хүнд (өндөр хүчдэлийн шон, гүүрний татанги гэх мэт) ачаа ачсан тусгай зориулалтын тээврийн хэрэгсэл;

г) цагт 5 км-ээс бага хурдтай өөрөө явдаг машин, механизм.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»