Mongolian Traffic Research Institute

Засгийн газрын дэргэдэх Цагдаагийн ерөнхий газрын

даргын 1991 оны б/175 тоот тушаалаар батлав.

 

МОНГОЛ УЛСЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ

(Цагдаагийн ерөнхий газрын даргын 1993 оны 88 тоот тушаалаар

оруулсан нэмэлт өөрчлөлтүүдийг тусгав)

 

АРАВДУГААР БҮЛЭГ

ХҮН БУЮУ АЧАА ТЭЭВЭРЛЭЛТ

 

Хүн тээвэрлэлт

147. Зорчигчдыг хүн тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслээр тээвэрлэнэ. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зорчигчдыг тээвэрлэхэд шаардагдах аюулгүй байдал хангагдсан эсэхийг шалгаж үзсэн байвал зохино.

148. Нийтийн үйлчилгээний тээврийн хэрэгслийн жолоочийн үүрэг:

а) тогтоосон буудалд зорчих хэсгийн баруун гар талын хашлага юмуу захад шахаж зогсох;

б) гүйцэд зогссоны дараа хаалгаа нээх;

в) зорчигчдыг бууж, суусны дараа хаалгаа хааж хөдөлгөөн эхлэх;

г) зориулалтын бус газарт хүн буулгаж суулгахгүй байх.

149. Хүн тээвэрлэх ачааны автомашиныг тухайн ангиллын тээврийн хэрэгсэл дээр жолоочийн ажлыг 3-аас дээш жил тасралтгүй хийсэн жолоочоор жолоодуулах бөгөөд доорх шаардлагын дагуу тоноглоно. Үүнд:

а) тэвшин дотор суудал засаж бат бөх бэхэлсэн байх бөгөөд суудлын өндөр нь тэвшний дээд ирмэгээс 15 см-ээс намхан байна;

б) тээвэрлэх зорчигчдын тоо нь дараах хүснэгтэд зааснаас илүүгүй байна;

 

Ачааны машины даац (тонноор)

Хүний тоо

1,5 хүртэл (1,5 орно)

9

1,5-аас 2 хүртэл (2 орно)

16

2-оос 3 хүртэл (3 орно)

20

3-аас 5 хүртэл (5 орно)

24

5-аас 7 хүртэл (7 орно)

30

7-гоос дээш

36

 

в) байнга хүн тээвэрлэхэд зориулсан ачааны автомашин бүрхүүлтэй, бүрхүүл дотроо гэрэлтэй, зорчигчдыг буулгах, суулгах шаттай, жолоочид өгөх дохиотой байвал зохино;

г) хоёр литрээс багагүй багтаамжтай гал унтраагуурыг тэвшний хашлаганы гадна талд хялбархан авч болохоор бэхэлнэ.

150. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зорчигчдод буух, суух, зорчих журмын тухай зааварчилж, хөдөлгөөний үед тэвшин дээр зогсож явж болохгүйг заавал анхааруулна.

151. Ачааны автомашинаар хүүхэд тээвэрлэхдээ насанд хүрсэн хоёроос доошгүй хүнийг тэвшний урд болон арын хэсэгт суулгаж харгалзуулан явбал зохино.

152. Хүн тээвэрлэхэд зориулаагүй ачааны автомашин дээр зөвхөн тухайн ачааг дагалдан яваа юмуу, хүлээж авахаар яваа хүмүүсийг (тэвшний дээд ирмэгээс нам зассан суудалд) суулгаж явахыг зөвшөөрнө.

153. Хүн тээвэрлэхийг хориглох нь:

а) ачааны мотоциклоор;

б) тээврийн хэрэгслийн бүхээгт үйлдвэрээс, тэвшинд энэ дүрмэнд тогтоосон тооноос олон хүнийг;

/Энэ хэсэгт ЦЕГ-ын даргын 1993 оны 88 дугаар тушаалаар өөрчлөлт орсон/

в) мотоцикл, мопедийн арын суудалд тусгай бэхэлгээ хийлгүйгээр 12 нас хүрээгүй хүүхэд тээвэрлэх;

г) мотоцикл, мопедоор болон тээврийн хэрэгслийн задгай тэвшин дээр согтуу хүн тээвэрлэх;

д) өөрөө буулгадаг юм уу, торхтой автомашин зэрэг тусгай зориулалтын автомашин, трактор, өөрөө явдаг машин механизмын бүхээгнээс бусад газарт, чиргүүлтэй тээврийн хэрэгслийн тэвшнүүд дээр хүн тээвэрлэх;

е) хамгаалах бүсээр тоноглогдсон автомашины жолооч болон урд суудалд сууж яваа зорчигч хамгаалах бүс хэрэглээгүй байх.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»