Mongolian Traffic Research Institute

Засгийн газрын дэргэдэх Цагдаагийн ерөнхий газрын

даргын 1991 оны б/175 тоот тушаалаар батлав.

 

МОНГОЛ УЛСЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ

(Цагдаагийн ерөнхий газрын даргын 1993 оны 88 тоот тушаалаар

оруулсан нэмэлт өөрчлөлтүүдийг тусгав)

 

АРВАН ХОЁРДУГААР БҮЛЭГ

ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛД ТАВИХ ТЕХНИКИЙН ШААРДЛАГА

 

163. Замын хөдөлгөөнд оролцож яваа тээврийн хэрэгсэл нь техник ашиглалтын зааврын шаардлагыг бүрэн хангасан байвал зохино. Техникийн улсын үзлэгт зохих журмын дагуу ороогүй, мөн дор дурдсан шаардлагыг хангаагүй механикжсан тээврийн хэрэгсэл, мотоцикл, мопед, чиргүүлийг ашиглахыг хориглоно.

I. Тоормосны систем:

а) тоормосны системийн эд ангиудын хийцийг өөрчилсөн;

б) тоормосны гишгүүр (дөрөө) дээр нэг удаа гишгэхэд бүх дугуйнууд жигд удаашран зогсохгүй байх;

в) шингэн дамжуулгатай тоормосны системийн битүүмж алдагдсан;

г) хийн дамжуулгатай тоормосны битүүмж алдагдсанаас тоормосыг ажиллуулаагүй үед 30 минутын хугацаанд, ажиллуулсан үед 15 минутын хугацаанд хийн даралтын хэмжээ 0,5 кг/см2-аар буурсан;

д) хийн дамжуулгатай тоормосны системийн даралт хэмжүүр ажиллахгүй болсон;

е) чиргүүлийн тоормосны систем байхгүй буюу гэмтсэн;

ж) гар тоормос дор дурдсан өгсүүр буюу уруу газарт тээврийн хэрэгслийг тогтоон барьж чадахгүй болсон.

- 16%-д бүрэн ачаатай тээврийн хэрэгслийг

- 23%-д ачаагүй суудлын автомашин болон түүний ачаа тээхэд зориулсан төрөл, автобус, троллейбусыг

- 31%-д ачаагүй ачааны машиныг

Тайлбар: Гар тоормосны идэвхжлийг шалгах үедээ хөдөлгүүрийн эргэлтийг хүч дамжуулах ангиас салгасан байвал зохино.

и) тэгш, хуурай, цэвэр, цардмал зорчих хэсэг дээр тээврийн хэрэгслийг 40 км/цаг, мотоцикл, мопедийг 30 км/цагийн хурдтай яваа үед зогсооход тоормосны замын урт нэгдүгээр хүснэгтэд зааснаас илүү байх.

Хүснэгт 1

Тээврийн хэрэгслийн төрөл

Тоормосны зам,

м-ээр

Суудлын автомашин

14,5

Бүх жин нь 5 тонн хүртэлх автобус (5 т орно)

18,7

Бүх жин нь 5 тонноос дээш автобус

19,9

Бүх жин нь 3,5 тонн хүртэлх ачааны автомашин (3,5 т орно)

19,0

Бүх жин нь 3,5-12 тонн хүртэлх ачааны автомашин (12 т орно)

18,4

Бүх жин нь 12 тонноос дээш ачааны автомашин

17,7

Бүх жин нь 3,5 тонн хүртэлх авто чирэгч (3,5 т орно)

22,7

Бүх жин нь 3,5-12 тонн хүртэлх авто чирэгч (12 т орно)

22,1

Бүх жин нь 12 тонноос дээш авто чирэгч

21,9

Хоёр дугуйтай мотоцикл, мопед

7,5

Шаахайтай мотоцикл

8,2

 

Тайлбар: Тоормосны замын хүснэгт 1-ээр заасан урт нь ачаагүй тээврийн хэрэгсэлд хамаарна.

Хүрдийг автомашины шулуун явах байрлалд барьж тоормослож зогсооход шулуун чиглэлээ хадгалж чадахгүй бол тоормос бүрэн ажиллагаатай байна гэж тооцохгүй.

/Энэ хүснэгтэд ЦЕГ-ын даргын 1993 оны 88 дугаар тушаалаар өөрчлөлт орсон/

 

II. Жолооны механизм:

а) жолооны механизмын хөндлөн, дагуу татуургын бэхэлгээ эвдэрсэн, тэдгээрийн нугасан холбооны сул хөдөлгөөн ихэссэн;

б) шингэнт хүчлүүрийн битүүмж алдагдсан;

в) жолооны механизмын эд ангиуд эвдэрч ан цав, бусад гэмтэл гарсан;

г) жолооны механизмын эд ангийн хийц, шингэний найрлага нь тухайн тээврийн хэрэгслийн төрөл, үйлдвэрийн зааварт тохирохгүй байх;

д) жолооны хүрдний сул эргэлтийн хэмжээ 2 дугаар хүснэгтэд зааснаас илүү байх.

Хүснэгт 2

Тээврийн хэрэгслийн төрөл

Жолооны хүрдний сул эргэлт

(град)

Суудлын автомашин, түүний явах ангид суурилуулсан хүн буюу ачаа тээвэрлэхэд зориулсан төрлүүд

10

Автобус, троллейбус

20

Ачааны автомашин

25

 

III. Дугуй

а) дугуйны хээний гүн нь газарт тулах хэсгээрээ суудлын автомашинд 1,6 мм, ачааны автомашин, чиргүүлд 1,0 мм, автобус, троллейбусанд 2,0 мм, мотоцикл, мопедонд 0,8 мм-ээс бага болсон;

б) дугуй нэвт цоорсон, утаснууд нь тасарсан;

в) дугуйн хэмжээ, даац нь тээврийн хэрэгслийн тухайн төрөлд тохироогүй;

г) дугуйн булны бэхэлгээ сул, найдваргүй бэхлэгдсэн, дугуйн цоожлох цагираг гэмтсэн, буруу тавигдсан;

д) тээврийн хэрэгслийн нэг тэнхлэгт өөр марк, хээтэй дугуй тавьсан;

е) давхар дугуйнуудын хооронд ямар нэгэн зүйл хавчуулагдсан;

ж) нийтийн үйлчилгээний тээврийн хэрэгслийн урд тэнхлэгт нэгдүгээр бүлгийн засварын, хойд тэнхлэгт хоёрдугаар бүлгийн засварын дугуй тавьсан;

з) суудлын автомашин, автобус, троллейбусны урд тэнхлэгт хоёрдугаар бүлгийн засварын дугуй тавьсан.

 

IV. Хөдөлгүүр, хүч дамжуулах анги

а) хөдөлгүүрийн ажилласан хийн найрлагад байгаа нүүрс-хүчлийн хий (СО) буюу утаа хаялт тогтоогдсон хэмжээнээс хэтэрсэн;

б) тэжээлийн системээс түлш гоожсон;

в) дуу намжаагуур ажиллахгүй буюу байхгүй;

г) хурдны хайрцгийн араа хүндрэлтэй залгагдах, өөрөө салдаг;

д) кардан гол цавтай, савалгаатай;

е) авцуулах холбоо залгагдахгүй, салахгүй болсон.

 

V. Гэрэлтүүлэх хэрэгсэл

а) гэрлийн тоо, хэлбэр, байрлал нь тухайн тээврийн хэрэгслийн хийцэнд тохирохгүй;

б) хол, ойрын гэрлийн тусгалын тохироо алдагдсан;

в) хол, ойрын буюу жижиг гэрлүүд, тоормос, эргэх дохионы болон чиргүүлтэй автомашины таних гэрлүүд бохирдсон, асахгүй буюу бүдэг асдаг;

г) үйлдвэрээс тавьсан гэрэл ойлгуур байхгүй буюу бохирдсон;

д) дугаарын гэрэл нь цэлмэг үед 20 метрийн дотор улсын дугаарын үсэг, тоог дутуу гэрэлтүүлдэг;

е) гэрэл дохионы системийн унтраалга, шилжүүлүүр гэмтсэн.

Тайлбар: Үйлдвэрээс тавиагүй гэрэлтүүлүүр, элдэв нэмэлт гэрэл хэрэглэх, урд талд улаан, ар талд цагаан гэрэл тавихыг хориглоно.

 

VI. Бүхээг, тэвш, нэмэлт төхөөрөмж

а) шил алчуур, цан үлээгүүр ажиллахгүй;

б) ар талаа харах толь, бүхээгний шил, дуут дохио, нарны хаалт, нууц унтраалга байхгүй;

в) хурд хэмжүүр ажиллахгүй буюу ломбогүй (ломбо нь амины тээврийн хэрэгсэлд хамаарахгүй);

г) бүхээг, тэвшний цоож түгжээ эвдэрсэн;

д) дуут дохио ажилгүй;

е) чирэх үед тээврийн хэрэгслийн чиргүүл чирэх холбоосны хэрэгсэл гэмтсэн буюу байхгүй бол;

ж) автобус, троллейбусны хаалга онгойлгох, хаах хэрэгсэл ажилгүй;

з) тэвшний шал цөмөрсөн, бүхээг, тэвшний гадна хэсэг их хэмжээгээр эвдэрсэн буюу өнгө үзэмж нь илт муудсан;

и) шаврын хаалтгүй, мөн нумын үндсэн хуудас буюу төв боолт нь эвдэрсэн;

к) автобус, троллейбус, суудлын болон ачааны автомашинд эмийн сан, гал унтраагуур, ослын зогсолтын тэмдэг байхгүй;

л) мотоцикл, мопедод зориулалтын гишгүүр, зорчигчийн барих бариул байхгүй;

м) тээврийн хэрэгслийн бүхээгний шилэн дээр юм бичих, зураг наах, хөшиг татах, цацаг элдэв зүйл унжуулах, салхины шил нь их хэмжээгээр цуурсан зэргээс жолоочийн харах боломжийг хязгаарласан;

н) үйлдвэрээс тавьсан хамгаалах бүс байхгүй буюу ажилгүй;

о) хаалга гүйцэд хаагдаж нээгдэхгүй, орох гарах хаалгаа харах тольгүй, толио буруу тавьсан, бүхээг хаалганы гэрэл асахгүй, мөн техник ашиглалтын дүрэмд заасан бусад эвдрэл гэмтэлтэй автобус, троллейбусыг ажилд гаргахыг тус тус хориглоно.

164. Замын хөдөлгөөнд оролцож явахдаа тээврийн хэрэгслийн тоормос, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэх орчин хязгаарлагдсан үед зөв талын том, жижиг гэрлүүд асахгүй, цас, бороо орж байхад жолоочийн талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно.

Тайлбар: Тээврийн хэрэгслээр хурд багатай яваа үед түүнийг зогсоож чадахгүй буюу эргэх, тойрох хөдөлгөөн хийхэд хүндрэлтэй бол тоормосны систем, жолоо ажиллахгүй байна гэж үзнэ.

165. Тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож явахад энэ дүрмийн 164 дүгээр зүйлд зааснаас бусад гэмтэл тохиолдвол хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж аль ойр байгаа зогсоол юм уу, гараашдаа буцаж ирнэ.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»