Mongolian Traffic Research Institute

Засгийн газрын дэргэдэх Цагдаагийн ерөнхий газрын

даргын 1991 оны б/175 тоот тушаалаар батлав.

 

МОНГОЛ УЛСЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ

(Цагдаагийн ерөнхий газрын даргын 1993 оны 88 тоот тушаалаар

оруулсан нэмэлт өөрчлөлтүүдийг тусгав)

 

АРВАН ГУРАВДУГААР БҮЛЭГ

ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН УЛСЫН ДУГААР, ТАНИХ ТЭМДЭГ, БИЧЛЭГ

 

166. Автомашин, автобус, мотоцикл, өөрөө явдаг машин, механизм, чиргүүлийг эзэмшигч үйлдвэр албан газар, байгууллага, амины автомашин, мотоцикл, мопед эзэмшигч хүмүүс уг тээврийн хэрэгслийг авснаас хойш 48 цагийн дотор ЗЦ албанд бүртгүүлж улсын дугаар авна.

Механикжсан тээврийн хэрэгслээр өөр аймаг, хотод очиж 3 сараас илүү хугацаагаар ажиллах бол уг аймаг, хотын ЗЦ албанд бүртгүүлнэ.

167. Улсын дугаарын тоо, үсгийг ачааны автомашин, чиргүүл, торхны хоёр хажуу болон ар талд автобусны ар талд үндсэн өнгөөс тод ялгарах өнгөөр бичсэн байна. Үсгийн өндөр нь 200 мм, өргөн нь 120 мм, зураасны өргөн нь 30 мм, тооны өндөр нь 300 мм, өргөн нь 130 мм, зураасны өргөн нь 30 мм байна.

/Энэ зүйлд ЦЕГ-ын даргын 1993 оны 88 дугаар тушаалаар өөрчлөлт орсон/

168. Улсын дугаарын хэмжээ, хэлбэр, хийц, өнгө, байрлалыг өөрчлөх, элдэв нэмэлт тэмдэглэл үйлдэх, хийж ашиглах, сольж хэрэглэхийг хориглоно.

169. Автомашиныг чиргүүлтэй жолоодоход тэвшний урд талд юмуу бүхээг дээр шар өнгийн тэнцүү талт гурвалжин эсвэл хоорондоо 150-300 мм-ийн зайтай анхааруулах гурван шар гэрэл тавина. Гурвалжны нэг талын урт нь 250 мм байна.

Ачаатай буюу ачаагүй тээврийн хэрэгслийн урт нь 24 метрээс илүү байвал илүү гарсан хэсгийн ар талд шар дэвсгэртэй, улаан хүрээтэй (өргөн нь 40 мм) 1200x300 мм хэмжээтэй тэгш өнцөгт дотор чиргүүлтэй автомашины дүрс зурж нийт уртыг заасан таних тэмдэг тавина.

170. Хүүхэд тээвэрлэж яваа тээврийн хэрэгслийн урд болон ар талд нь «Хүүхэд тээвэрлэж яваа тээврийн хэрэгсэл» гэсэн таних тэмдэг тавина. Уг тэмдэг улаан хүрээтэй, дөрвөлжин хэлбэртэй, нэг талын урт нь тээврийн хэрэгслийн төрлөөс хамааран 250-300 мм, хүрээний өргөн нь талын хэмжээний 1/10-тай тэнцүү байна. Тахир дутуу хүн жолоодож яваа автомашины арын шилэнд шар дэвсгэртэй нэг тал нь 150 мм дөрвөлжин хэлбэртэй «Тахир дутуу хүн жолоодож яваа машин» гэсэн таних тэмдэг тавина.

171. Жолоодлогын сургалтад зориулсан тээврийн хэрэгслийн урд болон ар талд нь улаан хүрээтэй, цагаан өнгөтэй тэнцүү талт гурвалжин дотор «С» үсгийг хараар бичсэн тэмдэг тавина. Тээврийн хэрэгслийн төрлөөс хамааран гурвалжны нэг тал нь 200-300 мм, хүрээний өргөн нь гурвалжны талын 1/10-тай тэнцүү байна.

172. Тээврийн хэрэгсэлд зөвшөөрөгдсөн хамгийн их хурдны хэмжээг тэвшний ар талын зүүн дээд буланд 2.20 тэмдгийн хэлбэрээр бичиж анхааруулж болно. Тээврийн хэрэгслийн төрлөөс хамааран тэмдгийн голч нь 160-250 мм байх бөгөөд хурдны хэмжээг цагаан дэвсгэр дээр хараар бичнэ. Хүрээний өргөн нь голчийн 1/10-тай тэнцүү байна.

173. Аюултай ачаа ачсан тээврийн хэрэгслийн урд болон ар талд 700x300 мм хэмжээтэй, баруун талын 400 мм өргөнтэй хэсгийг улбар шараар, үлдсэн зүүн талын хэсгийг (15 мм өргөнтэй хар хүрээтэй) цагаанаар будаж, дотор талд нь тээвэрлэж яваа ачааны онцлогийг тодорхойлсон тэмдэглэл хийнэ. Тээврийн хэрэгсэлд дүрэмд заасан хэмжээнээс илүү гарсан ачаа тээвэрлэхэд ачааны дөрвөн өнцөгт өдрийн цагт улаан, цагаан ташуу зураас хосолсон (нэг зураасны өргөн 50 мм) тэмдэглэл бүхий ялгах тэмдэг буюу 400x400 мм хэмжээтэй дарцаг хийж тавина.

Харанхуй буюу үзэгдэх орчин хязгаарлагдсан үед гэрэл ойлгодог хэрэгсэл буюу гэрлээр тэмдэглэх бөгөөд урд талын гэрэл нь цагаан, ар талын гэрэл нь улаан байна.

174. ЗТО-оос буюу техникийн гэмтлээс шалтгаалан зогссон тээврийн хэрэгслийг зорчих хэсгээс зайлуулах боломжгүй бол уг тээврийн хэрэгслээс 25-30 метрийн зайд улаан хүрээтэй (өргөн нь 50 мм) цагаан дэвсгэртэй тэнцүү талт (талын урт нь 400 мм) гурвалжин тэмдэг тавьж бусад жолооч нарт анхааруулна.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»