Mongolian Traffic Research Institute

Засгийн газрын дэргэдэх Цагдаагийн ерөнхий газрын

даргын 1991 оны б/175 тоот тушаалаар батлав.

 

МОНГОЛ УЛСЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ

(Цагдаагийн ерөнхий газрын даргын 1993 оны 88 тоот тушаалаар

оруулсан нэмэлт өөрчлөлтүүдийг тусгав)

 

АРВАН ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

ТЭЭВЭР, ЗАМ АШИГЛАЛТ БОЛОН БУСАД БАЙГУУЛЛАГА, АЛБАН ТУШААЛТНЫ ҮҮРЭГ

 

175. Тээврийн хэрэгслийг эзэмшигч байгууллага, албан тушаалтан, холбогдох бусад хүмүүсийн үүрэг:

а) жолоочийн мэдлэг, мэргэжил, хүмүүжил, хариуцлага сахилгыг байнга дээшлүүлж, ЗТО-оос урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, аюулгүй байдлыг хангах асуудлыг хариуцах;

б) жолоочид тээврийн хэрэгслийг хариуцуулан өгөхдөө уг тээврийн хэрэгслийн зохион байгуулалтын онцлог, жолоодох арга барилтай танилцуулах;

в) улирал, цаг агаарын нөхцөлийг харгалзан хөдөлгөөний журам, чиглэлийн онцлогийн талаар зааварлах;

г) техникийн байдал нь энэ дүрмийн шаардлагыг хангахгүй, тогтоосон журмаар тоо бүртгэлд бүртгүүлж, улсын дугаар аваагүй, техникийн ээлжит улсын үзлэгт ороогүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх;

д) ажилд согтуу ирсэн, ажлын явцад согтуу байгаа нь илэрсэн (согтолтын зэргийг харгалзахгүй) мөн хэт ядарсан буюу өвчтэй жолоочоор тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байх;

е) жолоодох эрхийн үнэмлэхгүй буюу үнэмлэхээ шалгуулаагүй жолоочийг ажилд гаргахгүй байх;

ж) хүн тээвэрлэх ачааны автомашинд энэ дүрмийн шаардлагыг хангуулж, техникийн комиссын шийдвэр гаргуулсан байх;

з) тээврийн хэрэгслийг тогтоосон газраас өөр газарт тавиулахгүй байх;

и) жолооч нарыг зохих хугацаанд нь эмнэлгийн үзлэгт оруулж байх;

к) жолоочид жолоодох эрхийн үнэмлэхэд зөвшөөрсөн ангиллын тээврийн хэрэгсэл хариуцуулан эзэмшүүлэх;

л) ЗТО гарсан тухай, мөн бааз, гараашдаа гадна талын эвдрэлтэй буцаж ирсэн тээврийн хэрэгслийн талаар ЗЦ албанд буюу аль ойр байгаа цагдаагийн байгууллагад нэн даруй мэдэгдэж байх;

м) жолооч нарын замын хөдөлгөөний дүрмийн мэдлэгийг үе үе шалгаж, тэдний мэдлэгийг дээшлүүлэх, давтан сургах дэс дараатай арга хэмжээ авч байх;

н) байгууллагын нэр хаяг, харьяалал, эзэмшиж буй авто тээврийн хэрэгслийн марк, хөдөлгүүрийн болон арлын дугаар, өнгө, зориулалт өөрчлөгдөх бүрийд ЗЦ албанд дахин бүртгүүлж баяжилт, хөдөлгөөн хийлгэж байх.

176. Зам ашиглалт, нийгэм ахуй, барилга болон бусад байгууллага, албан тушаалтан, холбогдох хүмүүсийн үүрэг:

а) замын хөдөлгөөн зохицуулах техник хэрэгсэл, замын гадаргууг бүрэн бүтэн байлгах, зам эвдэрсэн, мөстсөн зэргээс хөдөлгөөнд аюул учруулж болзошгүй тохиолдолд замын тэр хэсэгт хөдөлгөөнийг хязгаарлах буюу хориглох, нэн даруй засуулж цэвэрлүүлэх;

б) засвар үйлчилгээ хийж байгаа замын хэсгийг (зам гаргах, цахилгаан дулааны хоолой тавих, явган хүний зам тавих гэх мэт) хашиж тусгаарлах, түүнийг тойрч гаргах чигийг заасан тэмдэг тавих;

в) ажиллаагүй машин, механизмыг зорчих хэсгээс зайлуулах, хэрэв боломжгүй бол тод харагдахуйц хэц татаж тэмдгээр анхааруулах, харанхуй буюу үзэгдэх орчин хязгаарлагдсан үед нэмэгдэл улаан гэрэл тавих;

г) гинж, ажлынхаа хэрэгслээр замын зорчих хэсэг бусад элементийг эвдэж болох машин механизмыг цардмал замаар явуулахгүй байх.

177. Барилга, газар шорооны ажил хийдэг болон бусад байгууллагын албан тушаалтан хатуу хучилттай авто зам, төмөр замын гармаар зорчих үед тээврийн хэрэгслийнхээ дугуйн шавар шавхайг цэвэрлүүлэх, замын гадаргууг бохирдуулахгүй байх арга хэмжээ авна.

178. Үйлдвэр, албан газар, байгууллага, иргэд, мал, тэжээвэр амьтан, шувуугаа замын зорчих хэсэгт оруулахгүй байх арга хэмжээ авна.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»