Mongolian Traffic Research Institute

Монгол Улсын Засгийн газрын 1996 оны

239 дүгээр тогтоолын хавсралт

 

МОНГОЛ УЛСЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ

(Засгийн газрын 1998 оны 219, 2003 оны 99-р тогтоолоор оруулсан

нэмэлт өөрчлөлтүүдийг тусгав)

 

ДӨРӨВ. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний журам

 

10. Гүйцэж түрүүлэх

84. Жолооч гүйцэж түрүүлэхийнхээ өмнө хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэх, бусад тээврийн хэрэгсэл буюу явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулахгүй байх боломжийг анхаарч мэдсэн байвал зохино.

85. Урдаа яваа тээврийн хэрэгслийн зөвхөн зүүн гараар нь гүйцэж түрүүлэхийг зөвшөөрнө. Урд яваа тээврийн хэрэгсэл зүүн гар тийшээ эргэх дохио өгөөд зохих байраа эзэлсэн байвал түүнийг баруун гар талаар нь тойрч гарч болно.

86. Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө, гүйцэж түрүүлсний дараа заавал анхааруулах дохио өгнө. Гүйцэж түрүүлэхдээ харанхуй үед өөдөөс ойртон ирсэн тээврийн хэрэгсэлгүй байвал гэрлээ үе үе шилжүүлж, хориглоогүй газарт дуут дохио өгч болно.

87. Гүйцэгдэж байгаа жолооч хурдаа нэмэх, гүйцэж түрүүлэхэд ямар нэг байдлаар саад хийхийг хориглоно.

Гүйцэж түрүүлэх нь хөдөлгөөнд аюултай байвал гүйцэгдэж байгаа жолооч зүүн гар тийш эргэх дохио өгч анхааруулна.

88. Нарийн замд өөдөөс тээврийн хэрэгсэл ойртон ирж яваа буюу гүйцэж түрүүлэх боломжгүй нөхцөлд урдаа яваа тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэхийг оролдох, бусдын хөдөлгөөнд саад учруулахыг хориглоно.

89. Дараахь тохиолдолд гүйцэж түрүүлэхийг хориглоно:

а/ уулзвар, гарц дээр;

б/ төмөр замын гарам дээр буюу гарам хүртэл 100 метрээс ойр зайд;

в/ хүн тээвэрлэсэн автобус, троллейбус, ачааны автомашинаар суурин газарт цагт 40 км-ээс илүү хурдтай яваа тээврийн хэрэгслийг;

г/ гүйцэж түрүүлж байгаа юмуу тойрон гарч байгаа, мөн зүүн гар тийш эргэх дохио өгсөн тээврийн хэрэгслийг;

д/ эсрэг урсгалд орохоор бол замын өгсүүр хэсгийн төгсгөл болон огцом эргэлт дээр, мөн үзэгдэлт хязгаарлагдмал замын хэсэгт.

/Энэ заалтыг Засгийн газрын 1998 оны 219 дүгээр тогтоолоор өөрчлөн найруулсан/

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»