Mongolian Traffic Research Institute

Монгол Улсын Засгийн газрын 1996 оны

239 дүгээр тогтоолын хавсралт

 

МОНГОЛ УЛСЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ

(Засгийн газрын 1998 оны 219, 2003 оны 99-р тогтоолоор оруулсан

нэмэлт өөрчлөлтүүдийг тусгав)

 

ДӨРӨВ. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний журам

 

11. Гадна талын гэрэлтүүлэх хэрэгслийг хэрэглэх

90. Харанхуй болж эхлэх, мөн үзэгдэх орчин хязгаарлагдсан үед тээврийн хэрэгслийн гадна талын гэрлийг асааж явна.

91. Гэрэлтүүлэгтэй замаар явахдаа гэрэлтүүлгийн байдлыг харгалзан ойрын буюу жижиг гэрлийг асаана. Чиргүүл чирч яваа үед чиргүүлийн гэрлийг асааж явна.

92. Замын гэрэлгүй хэсэгт тээврийн хэрэгслийн холын гэрлийг асааж явна. Өөдөөс ирж яваа тээврийн хэрэгсэл хүртэл 150 метрээс багагүй зайд, мөн жолоочийг гялбуулж болох бусад тохиолдолд холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлнэ. Жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдах үед ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хөдөлгөөний хурдаа хасах буюу зогсооно.

93. Харанхуй, үзэгдэх орчин хязгаарлагдсан үед гэрэлтүүлэггүй замд тээврийн хэрэгслийг зогсоохдоо жижиг гэрлийг асаана. Хэрэв тэр нь гэмтэлтэй буюу байхгүй тохиолдолд тээврийн хэрэгслийг замаас гаргах бөгөөд ийм бололцоогүй үед ослын дохионы гэрлийг асаана. Ослын дохионы гэрэл байхгүй буюу гэмтэлтэй бол тээврийн хэрэгслээс 25-30 метрийн зайд ослын зогсолтын тэмдэг эсвэл улаан гэрэл асааж тавина. Чиргүүлтэй тээврийн хэрэгслийн бүхээг дээрх таних гэрлийг харанхуй үед хөдөлгөөнд оролцоход, харанхуй болон үзэгдэх орчин хязгаарлагдсан үед зогсоход асаана.

94. Гэрэлтүүлүүрийг суурин газрын гаднах замд хэрэглэж болох бөгөөд өөдөөс тээврийн хэрэгсэл гарч ирсэн үед унтрааж байвал зохино. Түүнийг суурин газарт тусгай зориулалтын /түймэр унтраах алба, эмнэлгийн түргэн тусламж, цагдаагийн байгууллагын зэрэг/ автомашин албан үүргээ гүйцэтгэж явахдаа шаардлагатай үед хэрэглэж болно.

95. Манангийн гэрлийг цас, бороо орж байгаа буюу өтгөн манан будантай үед дангаар нь эсвэл ойрын болон холын гэрлийн хамт асааж болно.

Тайлбар: Автомашинд хоёр, мотоциклд нэг манангийн гэрэл тавина. Манангийн гэрлийг автомашины урд талд, хоёр хажуугаас нь 400 мм-ээс дотогш, том гэрлээс өндөргүй зайд тэгш хэмтэй байрлуулна.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»