Монгол Улсын Засгийн газрын 1996 оны
239 дүгээр тогтоолын хавсралт
МОНГОЛ УЛСЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ
(Засгийн газрын 1998 оны 219, 2003 оны 99-р тогтоолоор оруулсан
нэмэлт өөрчлөлтүүдийг тусгав)
ДӨРӨВ. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний журам
12. Түр буюу удаан зогсох
96. Жолооч тээврийн хэрэгслийг баруун гар талын эгнээнд зорчих хэсгийн хашлаганд шахаж, хашлагагүй замд зорчих хэсгийг чөлөөлж зогсооно. Шороон замд бол замын хөдөлгөөнд саад хийхгүйгээр зогсвол зохино. Нэг чигийн хөдөлгөөнтэй замд зорчигчдыг буулгах, суулгах, ачаа ачих, буулгахын тулд явган хүний зам тал руу буюу ар тал руугаа буулгах, тэр талаас суулгах /ачих/ бололцоотой тээврийн хэрэгслийг зүүн гар талын захын эгнээнд орж түр зогсохыг зөвшөөрнө.
97. Жолоочгүйгээр тээврийн хэрэгсэл үл хөдлөх буюу өөрөөс нь бусад хүн хөдөлгөх боломжгүй болгох бүхий л арга хэмжээ авсны дараа түүнийг орхиж явахыг зөвшөөрнө.
Бусдын хөдөлгөөнд саад болохоор бол зогсож байгаа тээврийн хэрэгслийн хаалгыг онгойлгохыг хориглоно.
98. Тээврийн хэрэгслийг замын зорчих хэсгийн баруун гар талын захыг дагуулан зөвхөн нэг эгнээгээр цувуулан зогсоохыг зөвшөөрнө. Зогсоолын талбай буюу бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад хийхгүй газарт ташуу байрлалаар зогсоож болно.
Суурин газрын гаднах замд амрах, хонох зэргээр удаан зогсоход тээврийн хэрэгслийг замаас зайдуу эсвэл тусгай зориулсан талбайд, хот айлын дэргэд бол хотолсон мал үргэхээргүй газарт зогсооно.
99. Түр буюу удаан зогсохыг хориглох тохиолдол:
а/ уулзвар, гарц дээр, тэдгээрт 20 метрээс ойр зайд;
б/ явган хүний гарц дээр, түүнд 5 метрээс ойр зайд;
в/ автобус, троллейбус, таксийн зогсоол дээр буюу тэдгээрт 20 метрээс ойр зайд;
г/ төмөр замын гарам дээр;
д/ гүүрийн дээр болон доор;
е/ гэрлэн дохио, замын тэмдэг халхлах газарт;
ж/ тээврийн хэрэгсэл зогсоход түүнээс тэнхлэгийн үргэлжилсэн шугам хүртэл 3 метрээс бага зайтай газарт;
з/ хот айлын орчимд тусгайлан татсан гортиг буюу хатгасан дарцгаас дотогш талбайд.
100.Удаан зогсохыг хориглох тохиолдол:
а/ бусдын хөдөлгөөнд саад болох бүх газарт;
б/ төмөр замын гарам дээр буюу түүнд 100 метрээс ойр зайд;
в/ хашааны хаалга буюу түүнд 5 метрээс ойр зайд;
г/ орчин аль нэгэн чигт 100 метрт харагдахгүй, замын дагуу хотгор, гүдгэр, огцом эргэлт, тойрууд.