Mongolian Traffic Research Institute

Монгол Улсын Засгийн газрын 1996 оны

239 дүгээр тогтоолын хавсралт

 

МОНГОЛ УЛСЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ

(Засгийн газрын 1998 оны 219, 2003 оны 99-р тогтоолоор оруулсан

нэмэлт өөрчлөлтүүдийг тусгав)

 

ДӨРӨВ. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний журам

 

9. Төмөр замын гарам нэвтрэх

76. Жолооч төмөр замын гарам нэвтрэхдээ ойртон ирсэн галт тэрэг /зүтгүүр/-т зам тавьж өгнө. Жолооч төмөр замын гарамд ойртон очихдоо хөдөлгөөний аюулгүй байдал хангагдсан эсэхийг магадлан дуут буюу гэрэл дохио, тэмдгийн заалт, хаалтын байрлал, гармын жижүүрийн заалтыг удирдлага болгоно.

77. Төмөр замын гармын хаалт хаалттай буюу хаагдаж эхэлж байхад, мөн анивчсан улаан гэрэл ассан, эсвэл дуут дохио ажиллаж байвал түүгээр нэвтрэн гарахыг хориглоно.

78. Төмөр замын гарам хаалттай буюу гэрэл дохио асаж байвал түүнээс 5 метрээс доошгүй зайд, хаалт гэрэл дохио байхгүй үед төмөр замаас 10 метрээс доошгүй зайд зогсож галт тэргийг өнгөрүүлнэ.

79. Төмөр замын гармаар гарах эгнээний тоог замын тэмдэг, тэмдэглэлээр заагаагүй байвал зөвхөн нэг эгнээгээр нэвтэрнэ.

80. Ердийн хөсгийг төмөр замын гармаар гурваас илүүгүйгээр цувуулж гаргана. Төмөр замын гармаар мал тууж гарахдаа аюулгүй байдлыг хангаж, богино хугацаанд амжиж гарахуйц тоогоор хэсэг хэсгээр цувуулж гаргана.

81. Төмөр замын гарам нэвтрэх үед жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно:

а/ төмөр замын гарам дээр араа солих буюу авцуулах холбоог салгах;

б/ гармын хаалтыг дур мэдэн онгойлгох;

в/ гинжит машин, механизмын гинжит дугуйн ажлын хэсгээр төмөр зам, гармыг гэмтээх;

г/ төмөр замын гарамгүй газраар нэвтрэн гарах;

д/ төмөр замын гармын хаалт хаагдсан байвал түүнийг тойрч сүлжих, хаалтын өмнө зогсож байгаа тээврийн хэрэгслийг тойрч гарах.

82. Төмөр замын гарам дээр тээврийн хэрэгсэл зайлшгүй шалтгаанаар зогсвол жолооч хүмүүсийг нэн даруй буулгаж, гармыг чөлөөлөх талаар өөрөөсөө шалтгаалах бүх арга хэмжээ авбал зохино.

Хэрэв гармыг чөлөөлөх боломжгүй бол:

а/ боломжтой байвал хоёр хүнийг төмөр замын дагуу гармаас хоёр тийш 1000 метрийн зайд, ганц хүнтэй байвал замын байдал муу үзэгдэх зүг рүү түүнийг явуулж, өдрийн цагт тод өнгийн сайн харагдах зүйлээр, орчин муу үзэгдэж байгаа нөхцөлд дэнлүү буюу галаар даллаж ойртон ирж яваа галт тэргэнд зогсох дохио өгүүлнэ;

б/ жолооч тээврийн хэрэгслийн дэргэд үлдэж ослын дохионы гэрлээ асааж, дуут дохио өгнө;

в/ жолооч ганцаараа явж байсан бол галт тэрэг ойртон ирж байгаа эсэхийг анхааралтай ажиглан, хэрэв галт тэрэг ирж явбал өөрөө угтан гүйж зогсох дохио өгнө.

83. Дор дурьдсан тээврийн хэрэгсэл зөвхөн төмөр замын ангийн даргын зөвшөөрөлтэйгээр гармаар нэвтэрч болно:

а/ ачаатай болон ачаагүй бүх өргөн нь 5 метрээс, өндөр нь 4,5 метрээс илүү тээврийн хэрэгсэл;

б/ нэг чиргүүлтэй тээврийн хэрэгслийн нийт урт нь 20 метрээс, хоёр буюу түүнээс олон чиргүүлтэй бол 24 метрээс илүү;

в/ онцгой хүнд /өндөр хүчдэлийн шон, гүүрийн татанги гэх мэт/ ачаа ачсан тусгай зориулалтын тээврийн хэрэгсэл;

г/ цагт 5 км-ээс бага хурдтай өөрөө явдаг машин, механизм.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»