Mongolian Traffic Research Institute

Монгол Улсын Засгийн газрын 1996 оны

239 дүгээр тогтоолын хавсралт

 

МОНГОЛ УЛСЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ

(Засгийн газрын 1998 оны 219, 2003 оны 99-р тогтоолоор оруулсан

нэмэлт өөрчлөлтүүдийг тусгав)

 

ЗУРГАА. Хүн ба ачаа тээвэрлэх

 

1. Хүн тээвэрлэх

133. Зорчигчдыг хүн тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслээр тээвэрлэнэ. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зорчигчдыг тээвэрлэхэд шаардагдах аюулгүй байдал хангагдсан эсэхийг шалгаж үзсэн байвал зохино.

134. Нийтийн үйлчилгээний тээврийн хэрэгслийн жолоочийн үүрэг:

а/ тогтоосон буудалд зорчих хэсгийн баруун гар талын хашлага буюу захад шахаж зогсох;

б/ гүйцэд зогссоны дараа хаалгаа нээх;

в/ зорчигчдыг бууж, суусны дараа хаалгаа хааж хөдөлгөөн эхлэх;

г/ зориулалтын бус газарт хүн буулгаж, суулгахгүй байх.

135. Хүн тээвэрлэх ачааны автомашиныг тухайн ангиллын тээврийн хэрэгсэл дээр жолоочийн ажлыг 3-аас дээш жил тасралтгүй хийсэн жолоочоор жолоодуулах бөгөөд тээврийн хэрэгслийг доорхи шаардлагын дагуу тоноглоно:

а/ тэвшин дотор суудал засаж бат бөх бэхэлсэн байх бөгөөд суудлын тавцан нь тэвшний дээд ирмэгээс 150 мм-ээс багагүй намхан байх;

б/ тээвэрлэх зорчигчдын тоо нь дор дурьдсанаас илүүгүй байх;

 

Ачааны машины даац /тонноор/

Хүний тоо

1,5 хүртэл /1,5 орно/

9

1,5-аас 2 хүртэл /2 орно/

16

2-оос 3 хүртэл /3 орно/

20

3-аас 5 хүртэл /5 орно/

24

5-аас 7 хүртэл /7 орно/

30

7-гоос дээш

36

 

в/ хүн тээвэрлэхэд зориулсан ачааны автомашин бүрхүүлтэй, бүрхүүл дотроо гэрэлтэй, зорчигчдыг буулгах, суулгах шаттай, жолоочид өгөх дохиотой байх;

г/ хоёр литрээс багагүй багтаамжтай гал унтраагуурыг тэвшний хашлаганы гадна талд хялбар авч болохоор бэхлэх.

136. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зорчигчдод буух, суух, зорчих журмын тухай зааварчилж, хөдөлгөөний үед тэвшин дээр зогсож явахыг хориглох тухай заавал анхааруулна.

137. Ачааны автомашинаар хүүхэд тээвэрлэх тохиолдолд насанд хүрсэн хоёроос доошгүй хүнийг тэвшний урд болон арын хэсэгт суулгаж харгалзуулан явбал зохино.

138. Хүн тээвэрлэхэд зориулаагүй ачааны автомашин дээр зөвхөн тухайн ачааг дагалдан буюу хүлээж авахаар яваа хүмүүсийг /тэвшний дээд ирмэгээс нам зассан суудалд/ суулгаж явахыг зөвшөөрнө.

139. Хүн тээвэрлэхийг хориглох тохиолдол:

а/ ачааны мотоциклоор;

б/ тээврийн хэрэгслийн тэвшинд энэ дүрмийн 135 дугаар зүйлийн “б” заалт болон бүхээгт үйлдвэрээс тогтоосон тооноос олон хүн;

в/ 12 нас хүрээгүй хүүхдийг мотоцикл, мопедийн арын суудалд тусгай бэхэлгээ хийлгүйгээр;

г/ суудлын автомашины арын суудал болон ачааны автомашины бүхээгний суудалд зориулалтын нэмэгдэл суудал хийлгүйгээр 3 хүртэлх насны хүүхдийг ганцааранг нь суулгаж явах;

д/ согтуу хүнийг мотоцикл, мопедоор болон тээврийн хэрэгслийн задгай тэвшин дээр;

е/ өөрөө буулгадаг юмуу, торхтой автомашин зэрэг тусгай зориулалтын автомашин, трактор, өөрөө явдаг машин механизмын бүхээгнээс бусад газарт, чиргүүлтэй тээврийн хэрэгслийн тэвшнүүдээр;

ж/ хамгаалах бүсээр тоноглогдсон автомашины жолооч болон урд суудалд сууж яваа зорчигч хамгаалах бүс хэрэглээгүй байх.

Тайлбар: Энэ заалт нь жолоодлогын дадлага хийх үед дадлагын багш, шуурхай албаны автомашины жолооч, зорчигчид хамаарахгүй.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»