Mongolian Traffic Research Institute

Монгол Улсын Засгийн газрын 1996 оны

239 дүгээр тогтоолын хавсралт

 

МОНГОЛ УЛСЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ

(Засгийн газрын 1998 оны 219, 2003 оны 99-р тогтоолоор оруулсан

нэмэлт өөрчлөлтүүдийг тусгав)

 

ЗУРГАА. Хүн ба ачаа тээвэрлэх

 

2. Ачаа тээвэрлэх

140. Ачааг дор дурдсан шаардлагыг хангахаар байрлуулж, бэхэлсэн байна:

а/ ачаа нь унаж чирэгдэхгүй, хөдөлгөөнд оролцогчдод аюул учруулахгүй байх;

б/ жолоочийн харах орчныг хязгаарлахгүй байх;

в/ тээврийн хэрэгслийн тогтворжилтийг алдагдуулахгүй, жолоодлогыг хүндрүүлэхгүй байх;

г/ зогсох буюу эргэх дохионы гэрэл, улсын дугаар, таних тэмдэг, гараар өгөх дохио зэргийг халхлахгүй байх.

Суурин газарт шөнийн 22 цагаас өглөөний 06 цаг хүртэл дуу чимээ гаргаж ачих, буулгахыг хориглоно.

141. Тээврийн хэрэгслийн ачаатай болон ачаагүй өндөр нь 4 м, өргөн нь 2,5 м, ачаа нь тээврийн хэрэгслийн арын хашлагаас 2 м, нэг чиргүүлтэй тээврийн хэрэгслийн нийт урт нь 20 м, хоёр буюу түүнээс дээш чиргүүлтэй мөн механикжсан тээврийн хэрэгсэл чирэх үед ерөнхий урт нь 24 м-ээс илүү бол хөдөлгөөнд оролцохдоо Замын цагдаагийн албанаас зөвшөөрөл авна.

142. Тээврийн хэрэгслийн тэвшнээс уртаараа 1 м, өргөнөөрөө 0,4 м-ээс илүү гарсан ачааг тээвэрлэхдээ энэ дүрмийн 154 дүгээр зүйлийг баримтална.

143. Тэсэрч дэлбэрэх, цацраг идэвхт, амархан шатах болон бусад аюултай ачаа болон тэдгээрийн ариутгаагүй сав, баглаа, боодлыг тусгай зааврын дагуу тээвэрлэнэ.

Тайлбар: Аюултай ачааг тээвэрлэхдээ цагдаагийн байгууллагаас зөвшөөрөл авна.

144. Суудлын автомашин, мотоцикл, мопедоор эдгээр тээврийн хэрэгслээс урт, өргөнөөрөө хааш хаашаа 0,5 м-ээс илүү хэмжээтэй ачаа тээвэрлэхийг хориглоно.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»