Mongolian Traffic Research Institute

Монгол Улсын Засгийн газрын 1996 оны

239 дүгээр тогтоолын хавсралт

 

МОНГОЛ УЛСЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ

(Засгийн газрын 1998 оны 219, 2003 оны 99-р тогтоолоор оруулсан

нэмэлт өөрчлөлтүүдийг тусгав)

 

ДОЛОО. Тээврийн хэрэгсэлд тавих техникийн шаардлага

 

145. Замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгсэл нь улсын стандартын шаардлагыг бүрэн хангасан байвал зохино.

Техникийн улсын үзлэгт зохих журмын дагуу ороогүй мөн дор дурьдсан техникийн зөрчилтэй тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглоно.

 

I. Тоормосны систем:

а/ тоормосны системийн эд ангиудын хийцийг өөрчилсөн;

б/ тоормосны гишгүүр /дөрөө/ дээр нэг удаа гишгэхэд бүх дугуйнууд жигд удаашран зогсохгүй байгаа;

в/ шингэн дамжуулгатай тоормосны системийн битүүмж алдагдсан;

г/ хийн дамжуулгатай тоормосны битүүмж алдагдсанаас тоормосыг ажиллуулаагүй үед 30 минутын хугацаанд, ажиллуулсан үед 15 минутын хугацаанд хийн даралтын хэмжээ 0,5 кг/см2-аар буурсан;

д/ хийн дамжуулгатай тоормосны системийн даралт хэмжүүр ажиллахгүй болсон;

е/ чиргүүлийн тоормосны систем байхгүй буюу гэмтсэн;

ж/ гар тоормос дор дурдсан өгсүүр буюу уруу газарт тээврийн хэрэгслүүдийг тогтоон барьж чадахгүй болсон;

- 16%-д бүрэн ачаатай тээврийн хэрэгслийг;

- 23%-д ачаагүй суудлын автомашин болон түүний ачаа тээвэрлэхэд зориулсан төрлүүд, автобус, троллейбусыг;

- 31%-д ачаагүй ачааны автомашиныг;

Тайлбар: Гар тоормосны идэвхжилийг шалгах үедээ хөдөлгүүрийн эргэлтийг хүч дамжуулах ангиас салгасан байвал зохино.

з/ тэгш, хуурай хатуу хучилттай зам дээр тээврийн хэрэгслийг 40 км/цаг, мотоцикл, мопедийг 30 км/цагийн хурдтай явж байхад зогсооход тоормосны замын урт нь дор дурьдсанаас илүү байх;

 

Тээврийн хэрэгслийн төрөл

Тоормосны зам,

м-ээр

Суудлын автомашин

14,5

Бүх жин нь 5 тонн хүртэлх автобус /5 тн орно/

18,7

Бүх жин нь 5 тонноос дээш автобус

19,9

Бүх жин нь 3,5 тонн хүртэлх ачааны автомашин /3,5 тн орно/

19,0

Бүх жин нь 3,5-12 тонн хүртэлх ачааны автомашин /12 тн орно/

18,4

Бүх жин нь 12 тонноос дээш ачааны автомашин

17,7

Бүх жин нь 3,5 тонн хүртэлх авто чирэгч /3,5 тн орно/

22,7

Бүх жин нь 3,5-12 тонн хүртэлх авто чирэгч /12 тн орно/

22,1

Бүх жин нь 12 тонноос дээш авто чирэгч

21,9

Хоёр дугуйтай мотоцикл, мопед

7,5

Хажуудаа нэмэгдэл суудалтай мотоцикл

8,2

 

Тайлбар: Энд заасан тоормосны замын урт нь ачаагүй тээврийн хэрэгсэлд хамаарна.

Жолооны хүрдийг автомашины шулуун явах байрлалд барьж жолооч тоормослож зогсооход шулуун чиглэлээ хадгалж чадахгүй бол тоормос бүрэн ажиллагаатай байна гэж тооцохгүй.

 

II. Жолооны механизм:

а/ жолооны механизмын хөндлөн, дагуу татуургын бэхэлгээ эвдэрсэн, тэдгээрийн нугасан холбооны сул хөдөлгөөн ихэссэн;

б/ шингэнт хүчлүүрийн битүүмж алдагдсан;

в/ жолооны механизмын эд ангиуд эвдэрч ан цав, бусад гэмтэл гарсан;

г/ жолооны механизмын эд ангийн хийц, шингэний найрлага нь тухайн тээврийн хэрэгслийн төрөл, үйлдвэрийн зааварт тохирохгүй болсон;

д/ жолооны хүрдний сул эргэлтийн хэмжээ дор дурьдсанаас илүү болсон.

 

Тээврийн хэрэгслийн төрөл

Жолооны хүрдний сул эргэлт

/град/

Суудлын автомашин, түүний явах ангид суурилуулсан хүн буюу ачаа тээвэрлэхэд зориулсан төрлүүд

10

Автобус, троллейбус

20

Ачааны автомашин

25

 

III. Дугуй:

а/ дугуйны хээний гүн нь газарт тулах хэсгээрээ суудлын автомашинд 1,6 мм, ачааны автомашин, чиргүүлд 1,0 мм, автобус, троллейбусанд 2,0 мм, мотоцикл, мопедонд 0,8 мм-ээс бага болсон;

б/ дугуй нэвт цоорсон, утаснууд нь тасарсан;

в/ дугуйн хэмжээ, даац нь тээврийн хэрэгслийн тухайн төрөлд тохироогүй;

г/ дугуйн булны бэхэлгээ сул, найдваргүй бэхлэгдсэн, дугуйн цоожлох цагираг гэмтсэн, буруу тавигдсан;

д/ тээврийн хэрэгслийн нэг тэнхлэгт өөр марк болон хээтэй дугуй тавьсан;

е/ давхар дугуйнуудын хооронд ямар нэгэн зүйл хавчуулагдсан;

ж/ хүн тээврийн үйлчилгээний зориулалттай тээврийн хэрэгслийн урд тэнхлэгт нэгдүгээр бүлгийн засварын, хойд тэнхлэгт хоёрдугаар бүлгийн засварын дугуй тавьсан;

з/ суудлын автомашины урд тэнхлэгт хоёрдугаар бүлгийн засварын дугуй тавьсан.

 

IV. Хөдөлгүүр, хүч дамжуулах анги:

а/ хөдөлгүүрийн утааны найрлага дахь хорт хийн хэмжээ улсын стандартад заасан хязгаараас хэтэрсэн,

б/ тэжээлийн болон тосолгооны системээс шатах тослох материал гоожсон;

в/ сорох яндан, дуу намжаагуур ажиллахгүй буюу байхгүй болсон;

г/ хурдны хайрцгийн араа хүндрэлтэй залгагддаг, өөрөө салдаг болсон;

д/ кардан гол цавтай, савалгаатай болсон;

е/ авцуулах холбоо залгагдахгүй, салахгүй болсон;

ж/ хөдөлгүүр, хүч дамжуулах ангиас тос гоожсон.

 

V. Гэрэлтүүлэх хэрэгсэл:

а/ гэрлийн тоо, хэлбэр, байрлал нь тухайн тээврийн хэрэгслийн хийцэнд тохироогүй;

б/ хол,ойрын гэрлийн тусгалын тохироо алдагдсан;

в/ хол, ойрын буюу жижиг гэрлүүд, тоормос, эргэх дохионы болон чиргүүлтэй автомашины таних гэрлүүд бохирдсон, асахгүй буюу бүдэг асдаг;

г/ үйлдвэрээс тавьсан гэрэл ойлгуур байхгүй буюу бохирдсон;

д/ дугаарын гэрэл нь дутуу гэрэлтүүлснээс цэлмэг үед 20 метрийн дотор улсын дугаарын үсэг, тоо харагдахгүй байх;

е/ гэрэл дохионы системийн унтраалга, шилжүүлүүр гэмтсэн.

Тайлбар: Үйлдвэрээс тавиагүй гэрэлтүүлүүр, элдэв нэмэлт гэрэл хэрэглэх, урд талд улаан, ар талд цагаан гэрэл тавихыг хориглоно.

 

VI. Бүхээг, тэвш, нэмэлт төхөөрөмж:

а/ шил арчуур, цан үлээгүүр ажиллахгүй болсон;

б/ ар талаа харах толь, бүхээгний шил, дуут дохио, нарны хаалтгүй болсон;

в/ хурд хэмжүүр ажиллахгүй болсон;

г/ бүхээг, тэвшний цоож түгжээ эвдэрсэн;

д/ дуут дохио ажиллахгүй болсон;

е/ чирэх үед тээврийн хэрэгслийн чиргүүл чирэх холбоосны хэрэгсэл гэмтсэн буюу байхгүй бол;

ж/ автобус, троллейбусны хаалга онгойлгох, хаах хэрэгсэл ажиллахгүй болсон;

з/ тэвшний шал цөмөрсөн, бүхээг, тэвшний гадна хэсэг их хэмжээгээр эвдэрсэн буюу өнгө үзэмж нь илт муудсан;

и/ шаврын хаалтгүй, мөн нумын үндсэн хуудас буюу төв боолт нь эвдэрсэн;

к/ автобус, троллейбус, суудлын болон ачааны автомашинд эмийн сан, гал унтраагуур, ослын зогсолтын тэмдэг байхгүй болсон;

л/ мотоцикл, мопедонд зориулалтын гишгүүр, зорчигчийн барих бариул байхгүй болсон;

м/ тээврийн хэрэгслийн бүхээгний шилэн дээр юм бичих, зураг наах, хөшиг татах, цацаг зэргийг унжуулах, салхины шил нь их хэмжээгээр цуурч жолоочийн харах боломжийг хязгаарласан;

н/ үйлдвэрээс тавьсан хамгаалах бүс байхгүй буюу ажиллахгүй болсон;

о/ хаалга гүйцэд хаагдаж, нээгдэхгүй, орох, гарах хаалгаа харах тольгүй буюу толио буруу тавьсан, бүхээг болон хаалганы гэрэл асахгүй болсон.

146. Замын хөдөлгөөнд оролцож явахдаа тээврийн хэрэгслийн тоормос, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэх орчин хязгаарлагдсан үед зөв талын том, жижиг гэрлүүд асахгүй болсон, цас бороо орж байгаа үед жолоочийн талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно.

Тайлбар: Тээврийн хэрэгслээр хурд багатай яваа үед түүнийг зогсоож чадахгүй буюу эргэх, тойрох хөдөлгөөн хийхэд хүндрэлтэй бол тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй байна гэж үзнэ.

147. Тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож явахад энэ дүрмийн 146 дугаар зүйлд зааснаас бусад гэмтэл тохиолдвол хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж аль ойр байгаа зогсоол буюу гараашдаа очно.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»