Mongolian Traffic Research Institute

Монгол Улсын Засгийн газрын 1996 оны

239 дүгээр тогтоолын хавсралт

 

МОНГОЛ УЛСЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ

(Засгийн газрын 1998 оны 219, 2003 оны 99-р тогтоолоор оруулсан

нэмэлт өөрчлөлтүүдийг тусгав)

 

НАЙМ. Тээврийн хэрэгслийн улсын дугаар, таних тэмдэг, бичлэг

 

148. Механикжсан тээврийн хэрэгслээр байнгын байрлалаасаа өөр аймаг буюу дүүрэгт очиж 3 сараас илүү хугацаагаар ажиллах бол очсон аймаг, дүүргийн Замын цагдаагийн албанд бүртгүүлнэ.

149. Улсын дугаарын тоо, үсгийг ачааны автомашин, чиргүүлийн хоёр хажуу болон ар талд, автобусны ар талд үндсэн өнгөөс ялгарах өнгөөр бичсэн байна.

Үсгийн өндөр нь 200 мм, өргөн нь 120 мм, зураасны өргөн нь 30 мм, тооны өндөр нь 300 мм, өргөн нь 130 мм, зураасны өргөн нь 30 мм байна.

150. Автомашиныг чиргүүлтэй жолоодоход тэвшний урд талд юмуу бүхээг дээр шар өнгийн тэнцүү талт гурвалжин эсвэл хоорондоо 150-300 мм-ийн зайтай анхааруулах гурван шар гэрэл тавина. Гурвалжны нэг талын урт нь 250 мм байна.

Ачаатай буюу ачаагүй тээврийн хэрэгслийн урт нь 24 метрээс илүү байвал илүү гарсан хэсгийн ар талд шар дэвсгэртэй, улаан хүрээтэй /өргөн нь 40 мм/ 1200 х 300 мм хэмжээтэй тэгш өнцөгт дотор чиргүүлтэй автомашины дүрс зурж нийт уртыг заасан таних тэмдэг тавина.

151. Хүүхэд тээвэрлэж яваа тээврийн хэрэгслийн урд болон ар талд нь “Хүүхэд тээвэрлэж яваа тээврийн хэрэгсэл” гэсэн таних тэмдэг тавина. Уг тэмдэг улаан хүрээтэй, дөрвөлжин хэлбэртэй, нэг талын урт нь тээврийн хэрэгслийн төрлөөс хамааран 250-300 мм, хүрээний өргөн нь нэг талын хэмжээний 1/10-тай тэнцүү байна. Тахир дутуу хүн жолоодож яваа автомашины арын шилэнд шар дэвсгэртэй нэг тал нь 150 мм дөрвөлжин хэлбэртэй “Тахир дутуу хүн жолоодож яваа тээврийн хэрэгсэл” гэсэн таних тэмдэг тавина.

152. Жолоодлогын сургалтад зориулсан тээврийн хэрэгслийн урд болон ар талд нь улаан хүрээтэй, цагаан өнгөтэй тэнцүү талт гурвалжин дотор “С“ үсгийг хараар бичсэн тэмдэг тавина. Тээврийн хэрэгслийн төрлөөс хамааран гурвалжны нэг тал нь 200-300 мм, хүрээний өргөн нь гурвалжны талын 1/10-тай тэнцүү байна.

153. Тээврийн хэрэгсэлд зөвшөөрөгдсөн хамгийн их хурдны хэмжээг тэвшний ар талын зүүн дээд буланд “Хөдөлгөөний хурдны хязгаар” гэсэн таних тэмдэг тавьж анхааруулж болно. Тээврийн хэрэгслийн төрлөөс хамааран тэмдгийн голч нь 160-250 мм байх бөгөөд хурдны хэмжээг цагаан дэвсгэр дээр хараар бичнэ. Хүрээний өргөн нь голчийн 1/10-тэй тэнцүү байна.

154. Аюултай ачаа ачсан тээврийн хэрэгслийн урд болон ар талд 700 х 300 мм хэмжээтэй, баруун талын 400 мм өргөнтэй хэсгийг улбар шараар, үлдсэн зүүн талын хэсгийг /15 мм өргөнтэй хар хүрээтэй/ цагаанаар будаж, дотор талд нь тээвэрлэж яваа ачааны онцлогийг тодорхойлсон тэмдэглэл хийнэ. Тээврийн хэрэгсэлд дүрэмд заасан хэмжээнээс илүү гарсан ачаа тээвэрлэхэд ачааны дөрвөн өнцөгт өдрийн цагт улаан, цагаан ташуу зураас хосолсон /нэг зураасны өргөн 50 мм/ тэмдэглэл бүхий ялгах тэмдэг буюу 400 х 400 мм хэмжээтэй дарцаг хийж тавина. Харанхуй буюу үзэгдэх орчин хязгаарлагдсан үед гэрэл ойлгодог хэрэгсэл буюу гэрлээр тэмдэглэх бөгөөд урд талын гэрэл нь цагаан, ар талын гэрэл нь улаан байна.

155. Зам тээврийн ослоос буюу техникийн гэмтлээс шалтгаалан зогссон тээврийн хэрэгслийг зорчих хэсгээс зайлуулах боломжгүй бол уг тээврийн хэрэгслээс 25-30 метрийн зайд улаан хүрээтэй /өргөн нь 50 мм/ цагаан дэвсгэртэй тэнцүү талт /талын урт нь 400 мм/ гурвалжин тэмдэг тавьж бусад жолооч нарт анхааруулна.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»