Mongolian Traffic Research Institute

Монгол Улсын Засгийн газрын 1996 оны

239 дүгээр тогтоолын хавсралт

 

МОНГОЛ УЛСЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ

(Засгийн газрын 1998 оны 219, 2003 оны 99-р тогтоолоор оруулсан

нэмэлт өөрчлөлтүүдийг тусгав)

 

ЕС. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, замын цагдаагийн ажилтны үүрэг

 

156. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага дараахь үүргийг хүлээнэ:

а/ жолоочид тээврийн хэрэгслийг хариуцуулан өгөхдөө уг тээврийн хэрэгслийн зохион байгуулалтын онцлог, жолоодох арга барилтай танилцуулах;

б/ хүн тээвэрлэх автобус, автомашины техникийн байдлыг байгууллагын техникийн комиссоор шалгуулж энэ дүрмийн шаардлагыг хангуулж, уг комиссын шийдвэр гаргуулсан байх;

в/ жолооч нарыг жил бүр эмнэлгийн үзлэгт оруулж байх;

г/ жолооч нарын замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг, дадлагыг үе үе шалгаж, тэдний мэдлэгийг дээшлүүлэх, давтан сургах арга хэмжээ авч байх;

д/ зам тээврийн осол гарсан тухай, мөн бааз, гараашдаа гадна талын эвдрэлтэй буцаж ирсэн тээврийн хэрэгслийн талаар замын цагдаагийн албанд буюу ойр байгаа цагдаагийн байгууллагад нэн даруй мэдэгдэж байх;

е/ улирал, цаг агаарын нөхцөлийг харгалзан хөдөлгөөний журам, чиглэлийн онцлогийн талаар жолооч нарт заавар зөвлөлгөө өгөх;

ж/ аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшлийн нутаг дэвсгэрт замын цагдаагийн алба, албан тушаалтны шаардлагаар зохих тэмдэг, тэмдэглэл тавих.

157. Зам ашиглалт, хот тохижилтын асуудал хариуцсан байгууллага, албан тушаалтан дараахь үүргийг хүлээнэ:

а/ замын хөдөлгөөн зохицуулах техник хэрэгсэл, замын гадаргууг бүрэн бүтэн байлгаж, зам эвдэрсэн, мөстсөн зэргээс хөдөлгөөнд аюул учруулж болзошгүй тохиолдолд нэн даруй засаж цэвэрлэх;

б/ засвар үйлчилгээ хийж байгаа замын хэсгийг /зам гаргах, цахилгаан дулааны хоолой тавих, явган хүний зам тавих гэх мэт/ хашиж тусгаарлах, түүнийг тойрч гарах чигийг заасан тэмдэг тавих;

в/ ажиллаагүй машин, механизмыг зорчих хэсгээс зайлуулах, хэрэв боломжгүй бол тод харагдахуйц тэмдгээр анхааруулах, харанхуй буюу үзэгдэх орчин хязгаарлагдсан үед нэмэгдэл улаан гэрэл тавих;

г/ гинж, ажлынхаа хэрэгслээр замын зорчих хэсэг бусад элементийг эвдэж болзошгүй машин механизмыг цардмал замаар явуулахгүй байх.

158. Барилга, газар шорооны ажил эрхэлж буй байгууллагын албан тушаалтан хатуу хучилттай авто зам, төмөр замын гармаар зорчих үед тээврийн хэрэгслийнхээ дугуйны шавар шавхайг цэвэрлүүлэх болон замын гадаргууг бохирдуулахгүй байх арга хэмжээ авна.

159. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь мал, тэжээвэр амьтан, шувуугаа замын зорчих хэсэгт оруулахгүй байх арга хэмжээ авна.

160. Дор дурдсан асуудлыг замын цагдаагийн албатай тохиролцож зөвшөөрөл авна:

а/ зам, гүүр, талбай, барилга байгууламж барих, өргөтгөх, засварлахад замын хөдөлгөөнд саад учруулах бол;

б/ хөдөлгөөнд саад болох ажил хийх, гэрэл тавих, мод тарих, зүлэгжүүлэх, зурагт самбар, үзүүлэн чимэглэлийн зүйл байрлуулах;

в/ замын тэмдэг, тэмдэглэл, хөдөлгөөн зохицуулах, тээврийн хэрэгсэл байрлуулах, техник хэрэгсэл тоног төхөөрөмж, тэмдэг, тэмдэглэл шинээр тавих, хурааж авах, өөрчлөх, хөдөлгөөний чиг урсгалыг өөрчлөх;

г/ төмөр замын гарам байгуулах болон хөдөлгөөн зогсоож түүнийг засварлах, өөрчлөх;

д/ нийтийн болон тусгай үйлчилгээний тээврийн хэрэгслийн чиглэл, зогсох буудлыг шинээр байгуулах буюу өөрчлөх;

е/ зорчих хэсэг, явган хүний зам дээр үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах, үзвэр үзэсгэлэнгийн зүйл байрлуулах;

ж/ тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохио тавих;

з/ замын хөдөлгөөнд саад болох биеийн тамирын бэлтгэл, уралдаан, тэмцээн, жагсаал, урлагийн тоглолт зэрэг үйл ажиллагаа явуулах.

161. Замын цагдаагийн албаны байцаагч, зохицуулагч нь дор дурьдсан үүрэгтэй байна:

а/ замын хөдөлгөөн зохицуулах дохиог ойлгогдохуйц тодорхой өгч, шуурхай зохицуулан хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах;

б/ хөдөлгөөнд оролцогчдоос замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон журам, стандартыг хэрхэн биелүүлж байгаад хяналт тавьж, илэрсэн зөрчлийг хуульд заасны дагуу шуурхай шийдвэрлэх;

в/ замын байгууламж, зорчих хэсгийн гадаргуу, замын гэрэлтүүлэг, хөдөлгөөн зохицуулах техник хэрэгслийн бүрэн бүтэн байдалд хяналт тавьж, тэдгээрийг холбогдох байгууллага, албан тушаалтнаар хэвийн байдалд нь нэн даруй оруулах арга хэмжээ авах;

г/ хөдөлгөөнд оролцогчидтой зөв боловсон харилцаж, тэднийг үндэслэлгүй саатуулахгүй байх;

д/ онцгой байдал, нэгдсэн хяналт шалгалт, шуурхай зохицуулалтын ажлаас бусад тохиолдолд тээврийн хэрэгслийг зогсоох бол очиж шалгаж байх ба зохицуулагч зогсох дохио өгсөн үед жолооч зам чөлөөлөн нэн даруй зогсоно;

е/ хөдөлгөөнд оролцогчдод хууль бус шаардлага тавих, хувийн ажилд ашиглах, элдэв болзол тавихыг хориглох.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»