Монгол Улсын Засгийн газрын 1996 оны
239 дүгээр тогтоолоор баталсан
Замын хөдөлгөөний дүрмийн хавсралт
ЗАМЫН ТЭМДЭГ, ТЭМДЭГЛЭЛ
Хоёр. Хориглох тэмдэг
6. Хориглох тэмдэг нь замын хөдөлгөөнд тодорхой хязгаарлалт тогтоохоос гадна хязгаарлалтыг өөрчилнө:
2.1 “Орох хориотой” - тээврийн хэрэгслүүд энэхүү тэмдгээс цааш явахыг хориглоно.
2.2 “Явах хориотой” - тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглоно.
2.3 “Механикжсан тээврийн хэрэгсэл явах хориотой”
2.4 “Ачааны автомашин явах хориотой” - бүх жин нь 3,5 тонноос /3,5 тн орно/ илүү ачааны автомашин, трактор, өөрөө явдаг машин механизмын хөдөлгөөнийг хориглоно. Тэмдэгт зөвшөөрөх бүх жинг зааж болно.
2.5 “Мотоцикл явах хориотой”
2.6 “Ердийн хөсөг явах хориотой” - ердийн хөсгөөр явах, мал туух буюу хөтөлж явахыг хориглоно.
2.7 “Трактор явах хориотой” - бүх төрлийн трактор, өөрөө явдаг бусад машин механизм явахыг хориглоно.
2.8 “Чиргүүлтэй явах хориотой” - трактороор буюу бүх жин нь 3,5 /3,5 тн орно/ тн-оос илүү ачааны автомашинаар чиргүүл, ямар нэгэн мехникжсан тээврийн хэрэгсэл чирч явахыг хориглоно.
2.9 “Унадаг дугуйгаар явах хориотой” - бүх төрлийн унадаг дугуй, хөдөлгүүртэй дугуйгаар явахыг хориглоно.
2.10 “Явган явах хориотой” - зам дээр ажил хийж байгаа хүмүүсээс бусад хүн тухайн замаар явган явахыг хориглоно.
2.11 “Жингийн хязгаарлал” - тээврийн хэрэгслийн бодит жин нь тэмдэгт заасан болон түүнээс илүү байвал замын тухайн хэсгээр явахыг хориглоно.
2.12 “Тэнхлэгийн ачааллын хязгаарлал” - тээврийн хэрэгслийн аль нэг тэнхлэгт ногдох ачааллын хэмжээ тэмдэгт заасан болон түүнээс илүү байвал замын тухайн хэсгээр явахыг хориглоно.
2.13 “Өндрийн хязгаарлал” - тээврийн хэрэгслийн ачаатай буюу ачаагүй өндрийн хэмжээ тэмдэгт заасан болон түүнээс илүү байвал замын тухайн хэсгээр явахыг хориглоно.
2.14 “Өргөний хязгаарлал” - тээврийн хэрэгслийн ачаатай буюу ачаагүй өргөний хэмжээ тэмдэгт заасан болон түүнээс илүү байвал замын тухайн хэсгээр явахыг хориглоно.
2.15 “Гааль” - гаалийн хяналтын бүсээр хяналт шалгалтад орохгүйгээр явахыг хориглоно.
2.16.а “Зүүн гар тийш эргэх хориотой” - тээврийн хэрэгсэл зүүн гар тийш болон буцаж эргэхийг хориглоно.
2.16.б “Баруун гар тийш эргэх хориотой”
2.17 “Буцаж эргэх хориотой” - тээврийн хэрэгсэл буцаж эргэхийг хориглох бөгөөд харин зүүн гар тийш эргэхийг зөвшөөрнө.
2.18 “Гүйцэж түрүүлэх хориотой” - цагт 40 км-ээс бага хурдтай яваагаас бусад тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэхийг хориглоно.
2.19 “Гүйцэж түрүүлэх хорионы төгсгөл” - 2.18 тэмдгийн хүчинтэй хүрээ дууссаныг заана.
2.20 “Ачааны автомашинаар гүйцэж түрүүлэх хориотой” - бүх жин нь 3.5 тонноос дээш ачааны автомашинаар цагт 40 км-ээс бага хурдтай яваагаас бусад тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэхийг хориглоно.
2.21 “Ачааны автомашинаар гүйцэж түрүүлэх хорионы төгсгөл” - 2.20 тэмдгийн хүчинтэй байх хүрээ дууссаныг заана.
2.22 “Хурдны дээд хязгаарлал” - хөдөлгөөний хурдыг тэмдэгт заасан болон түүнээс хэтрүүлэхийг хориглоно.
2.23 “Хурдны дээд хязгаарлалын төгсгөл” - 2.22 тэмдгийн хүчинтэй байх хүрээ дууссаныг заана.
2.24 “Дуут дохио хориотой” - зөвхөн зам тээврийн осол гарч болзошгүй үед дуут дохио хэрэглэж болно.
2.25 “Түр зогсох хориотой” - тээврийн хэрэгсэл түр буюу удаан зогсохыг хориглоно.
2.26 “Удаан зогсох хориотой” - тээврийн хэрэгсэл удаан зогсохыг хориглоно.
2.27 “Бүх хорионы төгсгөл” - 2.18, 2.20, 2.22, 2.24-2.26 тэмдгүүдийн хориглох хүрээ дууссаныг заана.
7. 2.2, 2.3, 2.16.а,б, 2.17, 2.25 тэмдгүүд нь нийтийн үйлчилгээний тээврийн хэрэгсэлд үл хамаарна.
8. 2.18-2.26 тэмдгүүдийг хориглолт тогтоож байгаа болон дуусаж байгаа хэсгийн өмнө байрлуулна.
9. 2.2-2.8 тэмдгийг уулзвар, гарцын өмнө байрлуулсан байвал хөндлөн замаар явахыг хориглож, чигээрээ буюу буцаж явахыг зөвшөөрнө. Харин тэмдгийг уулзвар, гарцын цаана байрлуулсан байвал тухайн зам, гарц руу орж үл болно. 2.16.а,б, 2.17 тэмдгийг уулзварын өмнө байрлуулсан байвал хөндлөн огтолсон замын зөвхөн эхний зорчих хэсэгт хамаарна.
10. 2.18, 2.20, 2.22, 2.24-2.26 тэмдэг нь суурин газрын дотор байрлуулсан газраасаа дараагийн уулзвар хүртэл, уулзваргүй замд бол суурин газраас гүйцэд гартал хүчинтэй байна.
6.2.а тэмдгийг хамт хэрэглэснээр энэ зүйлд заасан тэмдгийн үйлчлэх хүрээг багасгаж болно.
11. 2.25, 2.26 тэмдэг замын байрласан тэр талдаа хүчинтэй.