Монгол Улсын Засгийн газрын 1996 оны
239 дүгээр тогтоолоор баталсан
Замын хөдөлгөөний дүрмийн хавсралт
ЗАМЫН ТЭМДЭГ, ТЭМДЭГЛЭЛ
Дөрөв. Заах тэмдэг
13. Заах тэмдэг нь хөдөлгөөнд оролцогчид болон тээврийн хэрэгслийн төрөл, тэдгээрийн хөдөлгөөнийг зөвшөөрсөн чигийг заана:
4.1.а, б, в, г, д, е “Хөдөлгөөний зөвшөөрсөн чиг” - зөвхөн тэмдэгт заасан чигт явна.
4.1.в, д, е тэмдэг буцаж эргэхийг зөвшөөрнө.
4.2.а, б, в “Саадыг тойрч гарах чиг” - сум заасан чигээр саадыг тойрч гарна.
4.3 “Тойрох хөдөлгөөн” - Зөвхөн тэмдэгт заасан чигээр тойрч гарна.
4.4 “Суудлын автомашин явна” - Суудлын автомашин, нийтийн үйлчилгээний тээврийн хэрэгсэл, мотоцикл, мопед болон бүх жин нь 3,5 тонноос бага ачааны автомашин явахыг зөвшөөрнө.
4.5 “Унадаг дугуй явна” - зөвхөн унадаг дугуйгаар явна. Явган хүний зам байхгүй бол явган зорчигч явахыг зөвшөөрнө.
4.6 “Явган хүн явна” - зөвхөн явган хүн явахыг зөвшөөрнө.
4.7 “Хурдны доод хязгаарлал” - зөвхөн тэмдэгт заасан болон түүнээс дээш хурдтай явахыг зөвшөөрнө.
4.8 “Хурдны доод хязгаарлалын төгсгөл” - 4.7 тэмдгийн хүчинтэй хүрээ дууссаныг заана.
14. Заах тэмдгийг зохих хязгаарлалт тогтоох уулзвар, замын хэсгийн шууд өмнө байрлуулна.
15. 4.1.а,б,в,г,д,е тэмдгийг уулзварын өмнө байрлуулсан байвал зөвхөн тэр уулзвартаа хамаарна.
4.1.а тэмдгийг уулзварын цаана байрлуулсан байвал дараагийн уулзвар хүртэл хүчинтэй байна. Харин гарцаар баруун гар тийш эргэхийг зөвшөөрнө.
16. 4.2.а,б,в тэмдгийг саадын өмнө байрлуулсан байвал зөвхөн тэр орчиндоо хамаарна.
17. 4.4 тэмдгийг уулзварын өмнө байрлуулсан байвал хөндлөн замдаа хүчинтэй, уулзварын цаана байрлуулсан бол тэр замдаа хүчинтэй.