Монгол Улсын Засгийн газрын 1996 оны
239 дүгээр тогтоолоор баталсан
Замын хөдөлгөөний дүрмийн хавсралт
ЗАМЫН ТЭМДЭГ, ТЭМДЭГЛЭЛ
Зургаа. Нэмэлт тэмдэг
22. Нэмэлт тэмдгийг бусад тэмдэгтэй хамт тавьж тэдгээрийн утгыг тодруулна:
6.1.а,б,в,г “Объект хүртэлх зай”;
6.1.а тэмдгээс аюул бүхий хэсэг, эсвэл хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосон хэсэг юм уу тэмдэгт заасан объект хүртэлх зайг заана. Объект замын дагуу байх тохиолдолд энэ тэмдгийг байрлуулна;
6.1.б тэмдэг нь суурин газрын гаднах замд 3.5 тэмдгийг уулзварын шууд өмнө байрлуулсан үед 3.4 тэмдгээс уулзвар хүртэлх зайг заана;
6.1.в,г тэмдгийг объект замаас зайдуу байх тохиолдолд байрлуулна;
6.2.а,б,в,г,д,е “Үйлчлэх хүрээ”;
6.2.а тэмдэг 2.18, 2.20, 2.22, 2.24-2.26 тэмдгүүдийн үйлчлэх хүрээг, 1.8.а,б, 1.12-1.14, 1.18, 1.20-1.23, 1.25 тэмдгүүдээр анхааруулсан бол тэмдгээс цааш аюул бүхий хэсгийн үргэлжлэх зайг заана.
6.2.б,в,г,д,е тэмдэг нь 2.25, 2.26 тэмдгийн үйлчлэх хүрээг заана.
6.3.а,б,в “Үйлчлэх чиг” - хориглох буюу заах тэмдгийн хүчинтэй байх чигийг заана;
6.3.а баруун гар тийш, 6.3.б зүүн гар тийш, 6.3.в баруун, зүүн гар тийш хүчинтэй чигийг заана;
6.4.а,б,в,г,д,е,ж “Тээврийн хэрэгслийн төрөл” - тухайн тэмдэг ямар төрлийн тээврийн хэрэгсэлд хамаарахыг заана. 6.4.а тэмдэг нь бүх жин нь 3,5 тонноос илүү ачааны автомашин /3,5 тн орно/, 6.4.в тэмдэг нь бүх жин нь 3,5-аас бага ачааны автомашин, жолоочоос гадна 8-аас илүүгүй хүний суудалтай автомашин, 6.4.г жолоочоос гадна 8-аас илүү хүний суудалтай автомашин /автобус/-д хамаарна;
6.5 “Үйлчлэх хугацаа” - тэмдгийн хүчинтэй байх хугацааг гаригаар буюу цагаар заана;
6.6.а,б “Тээврийн хэрэгслийг зогсоолд тавих хэлбэр” - суудлын автомашин, мотоциклийг зорчих хэсэгтэй хиллэсэн явган хүний замын хашлагыг унуулж зогсоох газар. Суудлын автомашин, мотоцикл зогсох хэлбэрийг ойлгомжтой байдлаар дүрсэлсэн байж болно;
6.7 “Хөдөлгүүрийг унтрааж зогсоох” - 5.14 тэмдэгтэй хамт тавих бөгөөд зогсоолд хөдөлгүүрийг унтрааж зогсооно;
6.8 “Гол замын чиг” - уулзвар дээр гол замын чигийг заана. 3.1, 3.4, 3.5 тэмдэгтэй хамт байрлуулна;
6.9 “Төлбөртэй үйлчилгээ”;
6.10 “Удаан зогсохыг зөвшөөрөх хугацаа” - 5.14 тэмдэг тавьсан зогсоолд удаан зогсохыг зөвшөөрөх хугацааны дээд хэмжээг заана;
6.11 “Бүх жингийн хязгаарлал” - бүх жин нь тэмдэгт заасан хэмжээнээс илүү тээврийн хэрэгсэлд хамаарах бөгөөд 2.3, 2.4, 2.7, 2.8 тэмдэгтэй хамт байрлуулна;
6.12 “Хараагүй хүмүүс” - хараагүй хүмүүс зам хөндлөн гарах гарц, газрыг анхааруулах бөгөөд 1.17, 5.15 тэмдэгтэй хамт байрлуулна;
6.13 “Хөдөлгөөний эгнээ” - гэрлэн дохио, тэмдгийн үйлчлэх эгнээг заана;
6.14 “Тахир дутуу хүн” - 5.14 тэмдэгтэй хамт байрлуулах бөгөөд уг зогсоолд зөвхөн тахир дутуу хүнд зориулсан тээврийн хэрэгсэл зогсоно.
23. 6.6.а,б тэмдгийг дангаар нь байрлуулж болно.
24. Ямар нэгэн хязгаарлалт тогтоогоогүй, замын нөхцөл байдлыг илүү мэдэхэд нь жолоочид туслах зорилгоор бусад мэдээлэх болон нэмэлт тэмдэг хэрэглэж болно. Ийм тэмдгийг цэнхэр дэвсгэр дээр цагаан өнгөөр хийнэ.
25. Байнгын тэмдгээс өөр утга бүхий түр тэмдэг байрлуулсан байвал түр тэмдгийг баримтална. Түр тэмдэг нь суурьтай /зөөврийн/ байна.