Монгол Улсын Засгийн газрын 1996 оны
239 дүгээр тогтоолоор баталсан
Замын хөдөлгөөний дүрмийн хавсралт
ЗАМЫН ТЭМДЭГ, ТЭМДЭГЛЭЛ
Долоо. Замын тэмдэглэл
26. Замын хөдөлгөөний журам, чиглэлийг тогтоох, байгууламжийн хэмжээг тодотгох зорилгоор зорчих хэсэг, түүний хашлага болон замын бусад байгууламж дээр хийсэн шугам, бичлэг зэрэг нь замын тэмдэглэлд хамаарна. Замын тэмдэглэлийг дангаар нь буюу замын тэмдэг, гэрлэн дохиотой хослуулан хэрэглэнэ.
7.1 Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлах, зорчих хэсгийн орохыг хориглосон газрыг хязгаарлах, тээврийн хэрэгслийн зогсоол болон зорчих хэсгийн хилийг тэмдэглэнэ;
7.2 Нийтийн үйлчилгээний тээврийн хэрэгслийн зогсоолыг тэмдэглэнэ;
7.3 Зогсохыг хориглосон газрыг тэмдэглэх бөгөөд дангаар нь буюу 2.25 тэмдэгтэй хамтруулан зорчих хэсгийн зах болон хашлага дээр хийнэ. Хамтруулан хэрэглэсэн үед 2.25 тэмдгийн үйлчлэх хүрээ нь энэ тэмдэглэлээр хязгаарлагдах бөгөөд бүх төрлийн тээврийн хэрэгсэлд хамаарна;
7.4 Зорчих хэсэг дээр эсрэг буюу нэг чигийн хөдөлгөөний урсгалыг тусгаарлаж, эгнээний хилийг заана;
7.5 Хөдөлгөөний урсгалыг дагуу буюу эсрэг чиглэлд тусгаарлахын хамт 7.1 тэмдэглэлд ойртож байгааг анхааруулна. Тасархай шугамын нэг зурвасын урт нь тэдгээрийн хоорондын зайнаас гурав дахин их байна;
7.6 Уулзвар дээрх хөдөлгөөний эгнээг тэмдэглэнэ. Тасархай шугамын нэг зураасны урт нь тэдгээрийн хоорондын зайтай тэнцүү байна;
7.7 Дөрөв буюу түүнээс дээш эгнээтэй замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлана;
7.8 Хөдөлгөөний урсгалыг дагуу болон эсрэг чиглэлд тусгаарлана;
7.9 “Зогс” шугам, 3.5 тэмдэг, гэрэл буюу зохицуулагчийн дохио хөдөлгөөнийг хориглосон үед тээврийн хэрэгсэл зогсох газрыг тэмдэглэнэ;
7.10 Хөндлөн замаар ойртон ирж яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөхийн тулд зогсох газрыг заана;
7.11.а,б “Гарцын шугам” - явган зорчигч замын зорчих хэсгийг хөндлөн гарах газрыг тэмдэглэнэ. Явган хүний хөдөлгөөний чигийг сумаар зааж тэмдэглэж болно. 7.11.а тэмдэглэлээр зохицуулдаггүй явган хүний гарцыг, 7.11.б тэмдэглэлээр зохицуулдаг явган хүний гарцыг тэмдэглэнэ;
7.12 Уулзварт тухайн эгнээнээс явах хөдөлгөөний чигийг заана. Дангаар нь буюу 5.10 тэмдэгтэй хамт хэрэглэж болно. Зүүн гар тийшээ эргэхийг зөвшөөрсөн сум нь буцаж эргэхийг зөвшөөрнө;
7.13 Энэ тэмдэглэл нь 7.10 тэмдэглэлд ойртож байгааг анхааруулна. Гурвалжны орой нь хөдөлгөөний урсгалын эсрэг чиглэсэн байна;
7.14 “Зогс” бичлэг 3.5 тэмдэг тавигдсан уулзварын өмнө 7.9 тэмдэглэлтэй хамт хэрэглэнэ;
7.15 Хөдөлгөөний урсгал нийлэх буюу салах газарт үлдэх зай, чигийг тэмдэглэнэ;
7.16 “Аюулгүйн зурвас” - зам хөндлөн гарч амжаагүй явган зорчигчийн хүлээх газрыг тэмдэглэнэ;
7.17 Зорчих хэсгийн нарийсаж байгаа (тухайн чигт хөдөлгөөний эгнээ цөөрч) буюу тээврийн хэрэгслийн сөрөг хөдөлгөөнийг тусгаарлах 7.1, 7.8 тэмдэглэл ойртож байгааг анхааруулна. 7.17 тэмдэглэл нь 1.15.а,б,в тэмдгүүдийн хамт хэрэглэгдэж болно;
7.18 Унадаг дугуйн зам зорчих хэсэгт огтлолцож байгаа хэсгийг тэмдэглэнэ;
7.19 Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул учруулж болох замын байгууламжийн босоо хэсэг /гүүрийн тулгуур, усны хоолойн шугам гэх мэт/-ийг тэмдэглэнэ;
7.20 Гүүр, хонгил мөн замын байгууламжийн доогуур гарах үед уг байгууламжинд шүргэж болзошгүй хэсгийг тэмдэглэнэ;
7.21 Зорчих хэсгийн тусгаарлах зурвас болон бусад хэсэгт тэмдэг байрлуулах үед түүний суурийг тэмдэглэнэ;
7.22 Замын дагуу байрлуулсан шонг будаж тэмдэглэнэ;
7.23 Эргэх радиус багатай, мөн нурж болзошгүй зэрэг аюул бүхий замын хажуу гадаргууг тусгаарласан хаалтад зурж тэмдэглэнэ;
7.24 Тусгаарлах зурвас, замын саад болон аюул бүхий хэсгийн зах, хашлагыг тэмдэглэнэ.
27. Зорчих хэсэгт хөдөлгөөний нөхцөл, байдлыг баримжаалахад нь жолоочид туслах зорилгоор ямар нэг хязгаарлалт тогтоогоогүй тэмдэглэл хийж болно.
28. 7.1 тэмдэглэлээр зорчих хэсгийн зах болон зогсоолын хилийг тэмдэглэснээс бусад тохиолдолд түүнийг давж гарахыг хориглоно. Энэ тэмдэглэлээр хязгаарласан зогсоолын зайнд орж зогсоно.
7.4, 7.5 тэмдэглэлийг аль ч талаас нь давж болно. Харин дээрх тэмдэглэлүүдийн дээгүүр нь явахыг хориглоно.
29. 7.8 тэмдэглэл байвал тасархай шугамтай талаас давж болно.
30. 7.16 тэмдэглэлийг давах, дээгүүр нь явахыг хориглоно.
31. 7.2, 7.3 тэмдэглэл шар өнгөтэй байна.
32. Замын тухайн хэсэгт байрлуулсан тэмдэг буюу тэмдэглэл өөр утгатай байвал тэмдгийн заалтыг баримтална.