ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ТУХАЙ КОНВЕНЦ
Хэлэлцэн тохирогч Талууд, хөдөлгөөний нэгдсэн дүрэм батлах замаар замын хөдөлгөөний аюулгүй байдлыг дээшлүүлэх, мөн олон улсын замын хөдөлгөөнийг хөнгөвчлөхийн тулд доорхи зүйлсийг тохиролцов:
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
3 дугаар зүйл. Хэлэлцэн тохирогч Талуудын хүлээх үүрэг
1. a) Хэлэлцэн тохирогч Талууд нь өөрийн нутаг дэвсгэр дээр мөрдөгдөж буй замын хөдөлгөөний дүрмийн утга санааг энэхүү Конвенцийн 2 дугаар бүлгийн заалтуудад нийцүүлэх талаар зохих арга хэмжээ авна. Уг дүрэм нь аль ч талаараа дээрх заалтуудтай зөрчилдөөгүй тохиолдолд:
i) уг дүрэмд тухайн Хэлэлцэн тохирогч Талын нутаг дэвсгэрт хамаарахгүй заалтуудыг оруулахгүй байж болно;
ii) уг дүрэм нь Конвенцийн 2 дугаар бүлэгт тусгагдаагүй заалтуудыг агуулсан байж болно.
b) Замын хөдөлгөөний дүрэмдээ энэхүү Конвенцийн 2 дугаар бүлгийн аль нэг заалтыг зөрчсөн заалт оруулсан Хэлэлцэн тохирогч Талуудад шийтгэл хүлээлгэхийг энэ хэсгийн заалтууд албадаагүй болно.
2. a) Хэлэлцэн тохирогч Талууд нь өөрийн нутаг дэвсгэр дээр үйлчлэх автомашин ба чиргүүлд тавигдах техникийн нөхцөлийн дүрмийг энэхүү Конвенцийн 5 дугаар хавсралтын заалтад нийцүүлэх талаар зохих арга хэмжээ авна. Энэ дүрэм нь 5 дугаар хавсралтад тусгагдаагүй боловч уг хавсралтын заалтаар тодорхойлсон аюулгүй байдлын зарчимтай зөрчилдөхөөргүй заалтуудыг агуулсан байж болно. Мөн Хэлэлцэн тохирогч Талууд нь өөрийн нутаг дэвсгэрт бүртгэлтэй, олон улсын хөдөлгөөнд оролцох автомашин ба чиргүүлийг энэхүү Конвенцийн 5 дугаар хавсралтын заалтуудыг хангасан байх талаар зохих арга хэмжээ авбал зохино.
b) Хэлэлцэн тохирогч Талуудын нутаг дэвсгэр дээр үйлчилж буй дүрмийн хувьд энэ хэсгийн заалт нь энэхүү Конвенцоор автомашин гэж тооцоогүй механикжсан бусад тээврийн хэрэгслүүдэд тавигдах техникийн нөхцөлүүдийн талаар ямар нэг үүрэг хүлээлгээгүй болно.
3. Хэлэлцэн тохирогч Талууд нь энэхүү Конвенцийн 1 дүгээр хавсралтын түдгэлзсэн заалтуудыг харгалзан, энэхүү Конвенцийн 3 дугаар бүлгийн шаардлагуудыг хангасан автомашин, чиргүүл болон 4 дүгээр бүлгийн шаардлагыг хангасан жолооч нарыг өөрийн нутаг дэвсгэр дээр олон улсын хөдөлгөөнд оролцуулах үүрэг хүлээнэ. Мөн түүнчлэн Хэлэлцэн тохирогч Талууд нь 3 дугаар бүлгийн заалтын дагуу олгогдсон бүртгэлийн гэрчилгээ мөн бүлэгт заасан нөхцөлүүдэд нийцэж буй тээврийн хэрэгсэлд олгогдсон байвал түүнийг хүлээн зөвшөөрөх үүрэгтэй.
4. Энэхүү Конвенцийн 3 дугаар бүлэгт заасан нөхцөлийг бүрэн хангаагүй автомашин, чиргүүлийг өөрийн нутаг дэвсгэр дээр олон улсын хөдөлгөөнд оролцуулах, түүнчлэн бусад аль нэг Хэлэлцэн тохирогч Талаас 4 дүгээр бүлэгт зааснаас бусад тохиолдолд олгогдсон жолоочийн үнэмлэхийг өөрийн нутаг дэвсгэр дээр хүчинтэйд тооцох зорилгоор Хэлэлцэн тохирогч Тал бие дааж буюу хоёр Талын ба олон Талын хэлэлцээр байгуулах замаар авсан, эсвэл авах гэж буй арга хэмжээнүүдийг энэ Конвенцийн зорилгод тохирч байна гэж үзнэ.
5. Хэлэлцэн тохирогч Талууд нь энэхүү Конвенцийн 5 дугаар бүлэгт заасан техникийн нөхцөлийг хангасан унадаг дугуй, мопедыг жолоодож яваа, бусад Хэлэлцэн тохирогч Талын харъяат иргэдийг өөрийн нутаг дэвсгэр дээр олон улсын хөдөлгөөнд оролцуулах үүрэгтэй. Хэлэлцэн тохирогч аль ч Тал олон улсын хөдөлгөөнд оролцож яваа унадаг дугуй ба мопедын жолоочоос жолоочийн үнэмлэх шаардах ёсгүй. Гэхдээ энэхүү Конвенцийн 54 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу мопедыг мотоциклтой адилтгаж үзэх мэдэгдэл хийсэн Хэлэлцэн тохирогч Тал нь олон улсын хөдөлгөөнд оролцож яваа мопедын жолоочоос жолоочийн үнэмлэх шаардаж болно.
5-бис. Хэлэлцэн тохирогч Талууд нь бүх шатны сургуулиудад замын хөдөлгөөний дүрмийн сургалтыг системтэй, байнга тогтмол явуулж байх талаар шаардлагатай арга хэмжээ авна.
5-тер. Хэрэв жолоодлогын сургалт нь мэргэжлийн жолооч бэлтгэх байгууллагад явагддаг бол сургалт явуулах багш нарын мэргэжлийн түвшин, сургалтын арга ажиллагаанд тавигдах наад захын шаардлагуудыг үндэсний хууль тогтоомжид тусгах хэрэгтэй.
6. Өөрийн улсын нутаг дэвсгэрт бүртгэгдсэн механикжсан тээврийн хэрэгсэл, чиргүүл нь зам тээврийн осолд холбогдсон буюу жолооч нь замын хөдөлгөөний дүрэм ноцтой зөрчсөн, үүний улмаас жолоодох эрх хасагдсан буюу бусад шийтгэл хүлээсэн байдлыг тодруулах талаар Хэлэлцэн тохирогч аль нэг Талаас гаргасан хүсэлтийн дагуу Хэлэлцэн тохирогч нөгөө Тал уг тээврийн хэрэгслийн жолоочийн нэр, шаардлагатай мэдээллийг тогтоож өгөх үүрэгтэй.
7. Хэлэлцэн тохирогч Талууд гааль, цагдаа, эрүүл ахуйн болон бусад ийм төрлийн хяналт бүрдүүлэлтийн журмыг хялбарчлах байдлаар олон улсын замын хөдөлгөөнийг хөнгөвчлөх зорилгоор хоёр Талын болон олон Талын хэлэлцээр байгуулах замаар авсан буюу авах гэж буй арга хэмжээнүүдийг энэхүү Конвенцийн зорилгод нийцсэнд тооцно.
8. Энэ зүйлийн 3, 5, 7 дахь хэсгийн заалтууд нь Хэлэлцэн тохирогч аль ч Тал өөрийн орны хүн ба ачаа тээвэрлэх бизнесийн ажлын дүрэм, жолоочийн хариуцлагын даатгалын болон гаалийн дүрэм, түүнчлэн замын хөдөлгөөнд холбогдолгүй бусад салбарын дүрмийн заалтын дагуу автомашин, чиргүүл, унадаг дугуй, мопед болон тэдгээрийн жолооч, зорчигчдыг өөрийн нутаг дэвсгэр дээр олон улсын хөдөлгөөнд оролцуулах эрхийг хэрэгжүүлэхэд саад болохгүй.