ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ТУХАЙ КОНВЕНЦ
Хэлэлцэн тохирогч Талууд, хөдөлгөөний нэгдсэн дүрэм батлах замаар замын хөдөлгөөний аюулгүй байдлыг дээшлүүлэх, мөн олон улсын замын хөдөлгөөнийг хөнгөвчлөхийн тулд доорхи зүйлсийг тохиролцов:
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
4 дүгээр зүйл. Замын тэмдэг ба дохио
Вена хотноо гарын үсэг зурах үед энэхүү Конвенцтэй зэрэг нээлттэй болсон “Замын дохио, тэмдгийн тухай Конвенц”-д Хэлэлцэн тохирогч Тал болж оролцоогүй, энэхүү Конвенцийн Хэлэлцэн тохирогч Талууд нь дараахь үүргийг хүлээнэ:
a) нутаг дэвсгэр дээрээ тавигдсан замын бүх тэмдэг, гэрлэн дохио, тэмдэглэл зэргийг нэгдсэн системд байлгах, тэдгээрийг хялбар танигдах байдлаар бүтээх, суурилуулах;
b) тэмдэг дохионы төрлийн тоо нь хязгаарлагдмал байх бөгөөд тэдгээр нь зөвхөн үр ашигтай гэж тооцогдсон газруудад тавигдсан байх;
c) анхааруулах тэмдгүүд нь жолоочид саадыг тухайн үед нь урьдчилан анхааруулахын тулд түүнээс хангалттай зайд тавигдсан байх;
d) Хориглох нь:
i) замын тэмдэг буюу түүний тулгуур, хөдөлгөөн зохицуулах бусад хэрэгсэл дээр уг тэмдэг, хэрэгслийн зорилгод хамааралгүй бусад зүйл байрлуулах; Гэхдээ Хэлэлцэн тохирогч Талууд ба тэдгээрийн нутаг дэвсгэрийн нэгж нь материаллаг ашиг хонжоо олох зорилгогүй ямар нэг эвсэл, холбоонд мэдээллийн чанартай тэмдэг тавихыг зөвшөөрч байгаа бол тэмдэг болон түүний тулгуур дээр (тэмдгийг зөв ойлгоход хүндрэл учруулахааргүй бол) тухайн эвсэл холбооны эмблемийг тэмдэглэхийг зөвшөөрч болно;
ii) замын тэмдэг буюу хөдөлгөөн зохицуулах бусад хэрэгсэлтэй андуурагдах, эсвэл тэмдэг дохионы үзэгдэлт ба үр дүнг бууруулах, мөн хөдөлгөөнд оролцогчдыг гялбуулах, тэдний анхаарлыг сарниулах, ингэснээр хөдөлгөөний аюулгүй байдлыг алдагдуулах үзүүлэн чимэглэлийн зүйл, зар сурталчилгааны самбар зэрэг хэрэгслүүд байрлуулах;
iii) явган хүний зам ба хөвөөн дээр явган зорчигчдын, ялангуяа өндөр настан, тахир дутуу хүмүүсийн хөдөлгөөнд саад болох байгууламж, тоног хэрэгсэл байрлуулах.