ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ТУХАЙ КОНВЕНЦ
Хэлэлцэн тохирогч Талууд, хөдөлгөөний нэгдсэн дүрэм батлах замаар замын хөдөлгөөний аюулгүй байдлыг дээшлүүлэх, мөн олон улсын замын хөдөлгөөнийг хөнгөвчлөхийн тулд доорхи зүйлсийг тохиролцов:
ХОЁРДУГААР БҮЛЭГ
ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ
6 дугаар зүйл. Замын хөдөлгөөн зохицуулах эрх бүхий ажилтны дохио
1. Замын хөдөлгөөн зохицуулах эрх бүхий ажилтан нь өдөр, шөнийн аль ч цагт тодорхой зайнаас сайн харагдаж, танигдаж байх ёстой.
2. Замын хөдөлгөөнд оролцогчид нь хөдөлгөөн зохицуулах эрх бүхий ажилтны өгсөн аливаа дохиог нэн даруй биелүүлэх үүрэгтэй.
3. Замын хөдөлгөөн зохицуулах эрх бүхий ажилтны дараахь дохионуудыг үндэсний хууль тогтоомжид тусгахыг зөвлөж байна:
a) гараа эгц дээш өргөх: энэ дохио нь аюулгүй байдалтайгаар нэгэнт зогсож амжихгүй болсон жолоочоос бусад бүх хөдөлгөөнд оролцогчийн хувьд “анхаар, зогс” гэсэн утгатайгаас гадна энэ дохиог өгөх үед түүнээс өмнө уулзварт нэгэнт орсон жолооч хөдөлгөөнөө үргэлжлүүлж болно;
b) нэг буюу хоёр гараа алдлах: алдалсан гарыг хөндлөн огтлох чигт яваа бүх хөдөлгөөнд оролцогчийн хувьд тэдгээрийн хөдөлгөөний чигээс үл хамааран “зогс” гэсэн утгатай байна. Зохицуулагч нь энэ дохиог өгчихөөд нэг буюу хоёр гараа буулгаж болох бөгөөд энэ тохиолдолд зохицуулагчийн ар буюу өвөр талаас хандсан жолоочид энэ дохио нь мөн “зогс” гэсэн утгатай байна;
c) улаан гэрлээр дохих: энэ дохио нь уг гэрэл рүү чиглэж яваа хөдөлгөөнд оролцогчийн хувьд “зогс” гэсэн утгатай байна.
4. Замын хөдөлгөөн зохицуулах эрх бүхий ажилтны дохио нь замын гэрлэн дохио, тэмдэг, тэмдэглэл буюу түүнчлэн замын хөдөлгөөний дүрмийн бусад заалтуудаас давуу байна.