ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ТУХАЙ КОНВЕНЦ
Хэлэлцэн тохирогч Талууд, хөдөлгөөний нэгдсэн дүрэм батлах замаар замын хөдөлгөөний аюулгүй байдлыг дээшлүүлэх, мөн олон улсын замын хөдөлгөөнийг хөнгөвчлөхийн тулд доорхи зүйлсийг тохиролцов:
ХОЁРДУГААР БҮЛЭГ
ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ
7 дугаар зүйл. Нийтлэг журмууд
1. Замын хөдөлгөөнд оролцогч нь улс, нийгмийн болон амины өмчид хохирол учруулахгүй, хүмүүст аюул хүргэхгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.
2. Замын хөдөлгөөнд оролцогч нь хөдөлгөөнийг түгжрүүлэх, зам дээр эд зүйл орхих, хаях, тавих буюу ямар нэгэн саад бий болгох зэргээр хөдөлгөөний аюулгүй байдлыг алдагдуулахыг хориглох тухай үндэсний хууль тогтоомжид тусгахыг зөвлөж байна. Ийм саад, аюултай байдал бий болгосон этгээд түүнийг аль болох нэн даруй арилгах, яаралтай арилгах боломжгүй бол энэ тухай бусад хөдөлгөөнд оролцогчдод анхааруулах талаар шаардлагатай арга хэмжээ авах үүрэгтэй.
3. Жолооч нь замын хөдөлгөөний эмзэг оролцогч болох явганаар болон унадаг дугуйгаар зорчигч, ялангуяа хүүхэд, өндөр настан, тахир дутуу хүмүүст илүү сонор сэрэмж, анхаарал, болгоомжлол тавих ёстой.
4. Жолооч нь замын хөдөлгөөнд оролцогчид ба замын дагуух оршин суугчдын тав тухыг алдагдуулахгүй, тухайлбал хэт чимээ шуугиан гаргахгүй, шороо тоос босгохгүй, боломжтой бол тээврийн хэрэгслээс хорт хий (утаа) гаргуулахгүй байхыг хичээх ёстой.
5. Хамгаалах бүсээр тоноглогдсон автомашины жолооч, зорчигчид нь үндэсний хууль тогтоомжид зааснаас бусад тохиолдолд хамгаалах бүс заавал хэрэглэнэ.