ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ТУХАЙ КОНВЕНЦ

 

Хэлэлцэн тохирогч Талууд, хөдөлгөөний нэгдсэн дүрэм батлах замаар замын хөдөлгөөний аюулгүй байдлыг дээшлүүлэх, мөн олон улсын замын хөдөлгөөнийг хөнгөвчлөхийн тулд доорхи зүйлсийг тохиролцов:

 

ХОЁРДУГААР БҮЛЭГ

 

ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ

 

11 дүгээр зүйл. Гүйцэж түрүүлэх ба зэрэгцэн явах

1. a) Гүйцэж түрүүлэх үйлдлийг хөдөлгөөний батлагдсан талын эсрэг талаар гүйцэтгэнэ.

b) Хэрэв гүйцэгдэж байгаа жолооч (мал туугч) нь хөдөлгөөний батлагдсан талын эсрэг тал руу эргэхээр дохио өгөөд тээврийн хэрэгслээ (малаа) тэр тал руу, замаас гаргахаар юмуу өөр зам руу оруулахаар, эсвэл тэр талд зогсоохоор чиглүүлсэн байвал гүйцэж түрүүлэх үйлдлийг хөдөлгөөний батлагдсан талаар нь гүйцэтгэнэ.

2. Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө энэ Конвенцийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалт болон 14 дүгээр зүйлийн заалтыг зөрчихгүйгээр дараахь нөхцөлүүдийг анхаарч мэдсэн байвал зохино:

a) араас яваа жолооч гүйцэж түрүүлэх үйлдэл хийж эхлээгүй байгааг;

b) уг эгнээгээр урд яваа жолооч өөр тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэхээр дохио өгөөгүй болохыг;

c) өөдөөс яваа тээврийн хэрэгсэлд саад, аюул учруулахгүй байх боломжтой эсэх, тодруулбал орох гэж буй эгнээнд хоёр тээврийн хэрэгслийн хурдыг харьцуулахад богино хугацаанд гүйцэж түрүүлэх үйлдлийг хийхэд хангалттай зай чөлөөтэй байгаа эсэх;

d) сөрөг хөдөлгөөнийг хориглосон эгнээ рүү орохоос бусад тохиолдолд жолооч нь гүйцэгдэж байгаа болон бусад хөдөлгөөнд оролцогчдод саад учруулахгүйгээр энэ Конвенцийн 10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан байраа эзэлж болохыг.

3. Энэ зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг хэдийгээр биелүүлсэн ч замын өгсүүр хэсгийн төгсгөлд буюу үзэгдэлт хангалтгүй эргэлтэн дээр (замын энэ хэсэг нь эсрэг урсгалыг тусгаарласан тэмдэглэлтэй бөгөөд гүйцэж түрүүлэх үйлдлийг эсрэг урсгал сөрөхгүйгээр гүйцэтгэх боломжтойгоос бусад тохиолдолд) гүйцэж түрүүлэх үйлдэл хийхийг хориглоно.

4. Гүйцэж түрүүлж байх үедээ гүйцэгдэж байгаа болон бусад хөдөлгөөнд оролцогчдод хангалттай хэмжээний хажуугийн зай үлдээнэ.

5. a) Тухайн чигт хоёр буюу түүнээс олон эгнээтэй замд гүйцэж түрүүлэх үйлдэл хийсэн жолооч дахин ийм үйлдлийг шууд угсруулан хийх юмуу энэ Конвенцийн 10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн заалтын дагуу буцаж эгнээндээ орох боловч даруй дахин гүйцэж түрүүлэх үйлдэл хийх хэрэгтэй бол энэ үйлдлийг хийхийн тулд араасаа хурдтай яваа тээврийн хэрэгслийн жолоочид ноцтой хүндрэл учруулахгүй гэдгийг урьдчилан мэдсэний үндсэн дээр эхний гүйцэж түрүүлэх үйлдэл хийсэн эгнээндээ үлдэж болно.

b) Гэхдээ Хэлэлцэн тохирогч Талууд болон тэдгээрийн нутаг дэвсгэрийн нэгжүүд нь энэ зүйлийн заалтыг унадаг дугуй, мопед, мотоцикл болон энэхүү Конвенцоор автомашин гэж тооцдоггүй тээврийн хэрэгсэл, мөн түүнчлэн бүх жин нь 3500 кг-аас илүү буюу техникийн дээд хурд нь 40 км/цаг-аас илүүгүй автомашины жолооч нарт хамааруулахгүй байж болно.

6. Энэ зүйлийн 5 дахь хэсгийн “a” заалтыг хэрэгжүүлж байгаа болон тээврийн хэрэгслүүд хөдөлгөөний тухайн чигийн зорчих хэсгийн бүх өргөнийг эзэлсэн, тээврийн хэрэгслүүдийн хурд нь урд яваа тээврийн хэрэгслийн хурдаас хамааралтай, хөдөлгөөний эрчим ихтэй байгаа үед:

a) нэг эгнээний тээврийн хэрэгслүүд нь зэрэгцээ эгнээнд яваа тээврийн хэрэгслээс илүү хурдтай явж байгааг гүйцэж түрүүлэх үйлдэл гэж энэхүү зүйлийн дагуу үзэхгүй (энэхүү заалт нь энэ зүйлийн 9 дэх хэсгийн заалтыг үгүйсгээгүй болно);

b) зорчих хэсгийн хөдөлгөөний батлагдсан талын захад аль болох ойрхон эгнээнд яваагаас бусад тээврийн хэрэгслийн жолооч нар зөвхөн баруун, зүүн гар тийш эргэх буюу зогсоол руу орохын тулд уг эгнээнээс гарч болно. Гэхдээ энэ зүйлийн 5 дахь хэсгийн “b”-г үндэслэн гаргасан үндэсний хууль тогтоомжийн заалтын дагуу жолооч нэг эгнээнээс нөгөө рүү орох бол энэ шаардлагыг баримтлахгүй.

7. Хэрэв зорчих хэсэг дээр эгнээнүүдийг тэмдэглэлээр заагласан байвал энэ зүйлийн 5, 6 дахь хэсэгт заасны дагуу эгнээ байр эзэлж яваа жолооч уг тэмдэглэлийг унуулж явахыг хориглоно.

8. Нэг ч тээврийн хэрэгслийн жолооч дараахь тохиолдлуудад хоёр дугуйтай унадаг дугуй, мопед, шаахайгүй мотоциклоос бусад тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэх хориотой /Энэхүү заалт нь энэ зүйлийн 2 дахь хэсгийн заалт болон бусад хязгаарлалтууд (Үүнд: Хэлэлцэн тохирогч Талууд болон тэдгээрийн нутаг дэвсгэрийн нэгжээс уулзвар буюу төмөр замын гарам дээр гүйцэж түрүүлэхтэй холбогдсон заалт гаргаж болно)-ыг үгүйсгээгүй болно/:

a) тойрох хөдөлгөөнтэй уулзвараас бусад уулзвар дээр буюу уулзварын шууд өмнө доорхи тохиолдлуудаас бусад үед:

i) энэ зүйлийн 1 дэх хэсгийн “b”-д заасан тохиолдол;

ii) уулзвар дээр давуу эрхтэй нэвтрэх замаас гүйцэж түрүүлэх тохиолдол;

iii) уулзвар дээрх хөдөлгөөн нь зохицуулагч буюу замын гэрлэн дохиогоор зохицуулагдаж байгаа тохиолдол;

b) төмөр замын хаалтгүй гарам дээр буюу түүний шууд өмнө; Гэхдээ Хэлэлцэн тохирогч Талууд буюу тэдгээрийн нутаг дэвсгэрийн нэгжээс хөдөлгөөн нь гэрлэн дохиогоор зохицуулагдаж байгаа төмөр замын гарам дээр зөвшөөрсөн гэрэл дохиогоор дээрх үйлдэл хийхийг зөвшөөрч болно.

9. Замын тэмдэг буюу тэмдэглэлээр тэмдэглэгдсэн явган хүний гарцад ойртож очсон буюу түүний шууд өмнө зогсож байгаа тээврийн хэрэгслийг хэрэв гарц дээр явган зорчигч гарч ирвэл даруй зогсоох боломж бүхий бага хурдтайгаар гүйцэж түрүүлж болно. Энэ хэсгийн нэг ч заалт Хэлэлцэн тохирогч Талууд буюу тэдгээрийн нутаг дэвсгэрийн нэгжээс гүйцэж түрүүлэх үйлдэл эхлэхийг явган хүний гарц хүртэл тодорхой зайнаас хориглох, эсвэл явган хүний гарцын өмнө зогссон тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэх гэж байгаа жолоочид илүү өндөр шаардлага тавихад нь саад болохгүй.

10. Араас яваа жолооч өөрийг нь гүйцэж түрүүлэх гэж байгааг мэдсэн жолооч энэ Конвенцийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “b”-д зааснаас бусад тохиолдолд зорчих хэсгийн хөдөлгөөний батлагдсан талын зах руу ойртож, хурдаа нэмэлгүй явна.

Хэрэв зорчих хэсгийн өргөн, нөхцөл байдал хангалтгүйгээс, түүнчлэн эсрэг хөдөлгөөний эрчмээс шалтгаалан удаан явдалт буюу овор ихтэй, мөн тодорхой хурдтай явах зайлшгүй шаардлагатай тээврийн хэрэгслийг шуурхай, аюулгүй гүйцэж түрүүлэх боломжгүй бол эдгээр тээврийн хэрэгслийн жолооч нар хөдөлгөөнөө удаашруулж, зайлшгүй тохиолдолд эхний боломж гарангуут араас яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэхийн тулд зам тавьж өгнө.

11. a) Хэлэлцэн тохирогч Талууд болон тэдгээрийн нутаг дэвсгэрийн нэгж нь нэг чигийн хөдөлгөөнтэй зам дээр болон суурин газарт нэг чигтээ хоёр буюу түүнээс олон, суурин газрын гаднах замд нэг чигтээ гурав буюу түүнээс олон эгнээтэй (эгнээ нь тэмдэглэлээр тэмдэглэгдсэн), эсрэг хөдөлгөөнтэй зам дээр:

i) нэг эгнээгээр яваа тээврийн хэрэгсэл нь өөр эгнээгээр яваа тээврийн хэрэгслийг хөдөлгөөний батлагдсан талаар нь гүйцэж түрүүлэхийг зөвшөөрч болно;

ii) энэ Конвенцийн 10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн заалтыг хэрэглэхгүй байж болно (бусад эгнээ рүү орох боломжийг хязгаарласан зохих заалт байгаа тохиолдолд);

b) энэ хэсгийн “a” заалтын “i”-д тусгагдсан үйлдлийг энэхүү Конвенцийн утгаар “гүйцэж түрүүлэх үйлдэл”-д тооцохгүй (энэ заалт нь энэхүү зүйлийн 9 дэх хэсгийн заалтыг үгүйсгээгүй болно).

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»