ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ТУХАЙ КОНВЕНЦ
Хэлэлцэн тохирогч Талууд, хөдөлгөөний нэгдсэн дүрэм батлах замаар замын хөдөлгөөний аюулгүй байдлыг дээшлүүлэх, мөн олон улсын замын хөдөлгөөнийг хөнгөвчлөхийн тулд доорхи зүйлсийг тохиролцов:
ХОЁРДУГААР БҮЛЭГ
ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ
12 дугаар зүйл. Зөрж өнгөрөх
1. Жолооч өөдөөс яваа тээврийн хэрэгсэлтэй зөрж өнгөрөхдөө хажуу талдаа хангалттай хэмжээний зайг үлдээх бөгөөд шаардлагатай тохиолдолд зорчих хэсгийн хөдөлгөөний батлагдсан талын захад ойр байрлаж явна. Хэрэв энэ үйлдэл нь ямар нэгэн саад буюу бусад хөдөлгөөнд оролцогчоос шалтгаалан хүндрэлтэй байвал хөдөлгөөнөө удаашруулж, зайлшгүй тохиолдолд өөдөөс яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэхийн тулд зогсоно.
2. Зөрж өнгөрөхөд бэрхшээлтэй буюу боломжгүй уулын болон өгсүүр, уруу замд өгсөж яваа тээврийн хэрэгслийн хурд ба байрлал нь түүнийг зөрж өнгөрөх газрын өмнө зогсоход илүү бололцоотой болгосон буюу аль тээврийн хэрэгсэл нь ухрах илүү боломжтойгоос хамаарах тохиолдлоос бусад үед уруудаж яваа тээврийн хэрэгслийн жолооч өгсөж яваа аливаа тээврийн хэрэгсэлд зогсож, зам тавьж өгнө. Зөрж өнгөрөхийн тулд аль нэг тээврийн хэрэгсэл нь ухрах шаардлагатай болбол өгсөж яваа тээврийн хэрэгслийн жолоочид уг үйлдлийг хийхэд илт хялбар байхаас бусад тохиолдолд уруудаж яваа жолооч уг үйлдлийг гүйцэтгэх үүрэгтэй.
Гэхдээ Хэлэлцэн тохирогч Талууд болон тэдгээрийн нутаг дэвсгэрийн нэгж нь зарим нэг тээврийн хэрэгслийн хувьд буюу зарим зам, замын хэсэгт хамааруулан энэхүү хэсгийн заалтаас ялгаатай тусгай журам гаргаж болно.