ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ТУХАЙ КОНВЕНЦ
Хэлэлцэн тохирогч Талууд, хөдөлгөөний нэгдсэн дүрэм батлах замаар замын хөдөлгөөний аюулгүй байдлыг дээшлүүлэх, мөн олон улсын замын хөдөлгөөнийг хөнгөвчлөхийн тулд доорхи зүйлсийг тохиролцов:
ХОЁРДУГААР БҮЛЭГ
ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ
14 дүгээр зүйл. Хөдөлгөөний үйлдэл (маневр) хийхтэй холбогдсон нийтлэг заалтууд
1. Жолооч нь ямар нэгэн үйлдэл, тухайлбал зогсоол дээрээс хөдөлгөөнөө эхлэх буюу түүн рүү зогсох, зорчих хэсэг дээр баруун буюу зүүн гар тийш шилжих, замаас гарах буюу өөр зам руу орохын тулд баруун буюу зүүн гар тийш эргэх зэрэг үйлдлүүдийг хийхдээ ард, урд болон өөдөөс яваа хөдөлгөөнд оролцогчдод аюул учруулахгүй гэдгийг бүрэн мэдсэн үедээ, тэдний байрлал, хөдөлгөөний чиг, хурдыг тооцоолсны үндсэн дээр гүйцэтгэнэ.
2. Буцаж эргэх буюу ухрах үйлдэл хийх гэж буй жолооч нь бусад хөдөлгөөнд оролцогчдод аюул, саад учруулахгүйгээр уг үйлдлийг гүйцэтгэж чадна гэдгээ бүрэн мэдсэн байх ёстой.
3. Жолооч нь хөдөлгөөний чиг өөрчлөхтэй холбогдсон үйлдэл хийхийн өмнө тээврийн хэрэгслийнхээ эргэх чиг заадаг гэрлээр дохио өгөх бөгөөд ийм хэрэгсэл байхгүй тохиолдолд боломжтой бол гараараа зохих дохиог өгч урьдчилан анхааруулах үүрэгтэй. Эргэх чиг заадаг гэрлээр өгч буй дохиог үйлдэл хийж байх хугацаандаа тасралтгүй өгөх бөгөөд үйлдлээ хийж дуусмагц даруй зогсооно.