ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ТУХАЙ КОНВЕНЦ
Хэлэлцэн тохирогч Талууд, хөдөлгөөний нэгдсэн дүрэм батлах замаар замын хөдөлгөөний аюулгүй байдлыг дээшлүүлэх, мөн олон улсын замын хөдөлгөөнийг хөнгөвчлөхийн тулд доорхи зүйлсийг тохиролцов:
ХОЁРДУГААР БҮЛЭГ
ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ
16 дугаар зүйл. Хөдөлгөөний чиг өөрчлөх
1. Жолооч зам руу орох буюу замаас гарахын тулд баруун, зүүн гар тийш эргэхийн өмнө энэ Конвенцийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болон 14 дүгээр зүйлийн заалтыг зөрчихгүйгээр:
a) хэрэв хөдөлгөөний батлагдсан тал руу замаас гарах гэж байгаа бол зорчих хэсгийн хөдөлгөөний тухайн чигийн захад бололцооныхоо хирээр ойртож, аль болох богино үйлдлийг хийнэ;
b) хэрэв хөдөлгөөний нөгөө тал руу замаас гарах гэж байгаа бол (Хэлэлцэн тохирогч Талууд буюу тэдгээрийн нутаг дэвсгэрийн нэгжээс унадаг дугуй, мопедын хувьд өөр заалт гаргах боломжтой нөхцөлтэй) эсрэг хөдөлгөөнтэй замын хувьд зорчих хэсгийн тэнхлэгт, харин нэг чигийн хөдөлгөөнтэй замын хувьд хөдөлгөөний батлагдсан талын эсрэг талын захад бололцооныхоо хирээр ойртож үйлдлийг гүйцэтгэнэ. Хэрэв эсрэг хөдөлгөөнтэй өөр зам руу орох гэж байгаа бол тэр замынхаа хөдөлгөөний батлагдсан талын зорчих хэсэг рүү орохоор эргэх үйлдлийг гүйцэтгэнэ.
2. Хөдөлгөөний чигийг өөрчлөхтэй холбоотой үйлдлийг хийхдээ жолооч нь энэ Конвенцийн 21 дүгээр зүйлийн заалт (явган зорчигчид хамаарах)-ыг зөрчихгүйгээр өөрийн орхин гарах гэж буй зорчих хэсгийн эсрэг талаас яваа тээврийн хэрэгсэл, түүнчлэн өөрийн орох гэж буй зорчих хэсэгтэй огтлолцсон унадаг дугуйн замаар яваа унадаг дугуй, мопедыг өнгөрөөнө.