ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ТУХАЙ КОНВЕНЦ

 

Хэлэлцэн тохирогч Талууд, хөдөлгөөний нэгдсэн дүрэм батлах замаар замын хөдөлгөөний аюулгүй байдлыг дээшлүүлэх, мөн олон улсын замын хөдөлгөөнийг хөнгөвчлөхийн тулд доорхи зүйлсийг тохиролцов:

 

ХОЁРДУГААР БҮЛЭГ

 

ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ

 

18 дугаар зүйл. Уулзвар ба зам тавьж өгөх үүрэг

1. Жолооч уулзварт ойртон очихдоо тухайн орчны нөхцөл байдлаас хамааран онц анхаарал болгоомжтой байх ёстой. Тухайлбал давуу эрх бүхий тээврийн хэрэгслийг зогсож өнгөрөөх боломж бүхий хурдтайгаар тээврийн хэрэгслээ жолоодвол зохино.

2. Шороон зам буюу хөдөөгийн замаас шороон бус зам буюу хөдөөгийн бус зам руу орох гэж байгаа жолооч тэр замаар явж буй тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Энэхүү зүйлийн заалтыг илэрхийлэх зорилгоор “шороон зам” ба “хөдөөгийн зам” гэсэн нэр томъёоны утгыг үндэсний хууль тогтоомжид тодорхойлж болно.

3. Замын дагуух эзэмшлээс зам руу орох гэж буй жолооч тэр замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.

4. Энэ зүйлийн 7 дахь хэсгийн заалтыг биелүүлж буй нөхцөлд:

a) баруун гар талын хөдөлгөөнтэй улсын хувьд уулзвар дээр (энэ зүйлийн 2 дахь хэсэг болон энэхүү Конвенцийн 25 дугаар зүйлийн 2 ба 4 дэх хэсэгт зааснаас бусад тохиолдолд) тээврийн хэрэгслийн жолооч нь баруун гар талаасаа ирж яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.

b) зүүн гар талын хөдөлгөөнтэй Хэлэлцэн тохирогч Талууд болон тэдгээрийн нэгж нь нутаг дэвсгэртээ уулзвар нэвтрэх дарааллын журмыг өөрсдийн үзэмжээр тогтоох эрхтэй.

5. Хөндлөн замаас яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад бэрхшээл үүсгэн, тээврийн хэрэгслээ уулзвар дээр зайлшгүй зогсоох нь илэрхий түгжрэл, саатал бий болсон үед гэрэл дохио зөвшөөрч байсан ч жолооч уулзвар руу орох ёсгүй.

6. Хөдөлгөөн нь гэрэл дохиогоор зохицуулагдаж буй уулзварт орсон жолооч хөдөлгөөний нээлттэй талаас яваа бусад хөдөлгөөнд оролцогчдод саад болохгүй бол өөрийнхөө явж байгаа чигт хөдөлгөөн нээгдэхийг хүлээлгүйгээр уулзвараас гарч болно.

7. Төмөр замын бус тээврийн хэрэгслийн жолооч нар төмөр замын тээврийн хэрэгслүүдэд зам тавьж өгнө.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»