ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ТУХАЙ КОНВЕНЦ
Хэлэлцэн тохирогч Талууд, хөдөлгөөний нэгдсэн дүрэм батлах замаар замын хөдөлгөөний аюулгүй байдлыг дээшлүүлэх, мөн олон улсын замын хөдөлгөөнийг хөнгөвчлөхийн тулд доорхи зүйлсийг тохиролцов:
ХОЁРДУГААР БҮЛЭГ
ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ
20 дугаар зүйл. Явган зорчигчид хамаарах заалтууд
1. Хэлэлцэн тохирогч Талууд буюу тэдгээрийн нутаг дэвсгэрийн нэгжүүд нь зорчих хэсгээр явж буй явган зорчигчдын хөдөлгөөн нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хүндрэл, аюул учруулахуйц нөхцөлд энэхүү зүйлийн заалтуудыг хэрэгжүүлэхээр зааж болно.
2. Хэрэв зорчих хэсгийн хажууд явган зорчигчийн хөдөлгөөнд ашиглаж болохуйц явган хүний зам буюу хөвөө байвал тэдгээрийг явган зорчигчид ашиглана. Гэхдээ зайлшгүй шаардлагатай болгоомжлох арга хэмжээг авах бөгөөд,
a) овор ихтэй зүйл зөөж, тээж яваа явган зорчигчид нь явган хүний зам буюу хөвөөгөөр явахад бусад явган зорчигчдод ноцтой саад учруулахаар бол зорчих хэсгээр явж болно;
b) удирдагчтай бүлэг явган зорчигчид буюу жагсаалаар яваа хүмүүс зорчих хэсгээр явж болно.
3. Явган хүний зам, хөвөө байхгүй буюу түүнийг ашиглах боломжгүй тохиолдолд явган зорчигчид нь зорчих хэсгээр явж болно; Хэрэв унадаг дугуйн зам байгаа бөгөөд хөдөлгөөний эрчим нь боломжийн бол явган зорчигчид нь унадаг дугуй болон мопедын хөдөлгөөнд хүндрэл учруулахгүйгээр түүгээр явж болно.
4. Энэ зүйлийн 2 ба 3 дахь хэсэгт заасны дагуу зорчих хэсгээр яваа явган зорчигчид зорчих хэсгийн захад аль болох ойр явах ёстой.
5. Дараахь заалтуудыг үндэсний хууль тогтоомжид тусгахыг зөвлөж байна:
Зорчих хэсгээр яваа явган зорчигчид нь хөдөлгөөний чигийн эсрэг талыг (хэрэв энэ нь тэдний аюулгүй байдлыг алдагдуулахааргүй бол) барьж явна; Гэхдээ мотоцикл, унадаг дугуй, мопед хөтөлж яваа хүмүүс ямагт зорчих хэсгийн хөдөлгөөний батлагдсан талыг барьж явна; Энэ заалт нь удирдагчтай бүлэг явган зорчигчид буюу жагсаалаар яваа хүмүүст ч мөн хамаарна; Жагсаалаар яваагаас бусад явган зорчигчид шөнийн цагт буюу үзэгдэлт хангалтгүй үед, түүнчлэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим шаардаж байвал өдрийн цагт ч аль болох ар араасаа цуварч явна.
6. a) явган зорчигчид нь анхаарал болгоомжгүйгээр зорчих хэсгийг хөндлөн гарч болохгүй; Хэрэв явган хүний гарц ойрхон байвал түүнийг ашиглах ёстой;
b) тэмдэг буюу тэмдэглэлээр тэмдэглэгдсэн явган хүний гарцаар гарахдаа:
i) хэрэв явган хүний гарц нь явган зорчигчид зориулсан гэрлэн дохиотой бол тэд энэ дохионы заалтыг мөрдлөг болгоно;
ii) хэрэв явган хүний гарц нь ийм дохиогүй боловч тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нь гэрлэн дохио буюу зохицуулагчийн дохиогоор зохицуулагдаж байвал эдгээр дохио тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зөвшөөрч байгаа тохиолдолд явган зорчигч зорчих хэсэг рүү орох ёсгүй;
iii) бусад гарцууд дээр явган зорчигч ойртон ирж байгаа тээврийн хэрэгсэл хүртэлх зай, түүний хурдыг тооцолгүйгээр зорчих хэсэг рүү орох ёсгүй.
c) тэмдэг, тэмдэглэлээр тэмдэглэгдсэн явган хүний гарцаас бусад хэсгээр зорчих хэсгийг хөндлөн гарахдаа явган зорчигч нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хүндрүүлэхгүй гэдэгтээ бүрэн итгээгүй тохиолдолд зорчих хэсэг рүү орох ёсгүй;
d) зорчих хэсэг рүү орсон явган зорчигч нь шалтгаангүйгээр нэвтрэх замаа уртасгах, зогсох, саатахыг хориглоно.
7. Хэлэлцэн тохирогч Талууд буюу тэдгээрийн нутаг дэвсгэрийн нэгжүүд нь зорчих хэсгийг хөндлөн гарах явган зорчигчдод зориулан илүү өндөр шаардлага бүхий дүрэм гаргаж болно.