ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ТУХАЙ КОНВЕНЦ

 

Хэлэлцэн тохирогч Талууд, хөдөлгөөний нэгдсэн дүрэм батлах замаар замын хөдөлгөөний аюулгүй байдлыг дээшлүүлэх, мөн олон улсын замын хөдөлгөөнийг хөнгөвчлөхийн тулд доорхи зүйлсийг тохиролцов:

 

ХОЁРДУГААР БҮЛЭГ

 

ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ

 

23 дугаар зүйл. Түр ба удаан зогсолт

1. Суурин газрын гаднах замд тээврийн хэрэгсэл ба тэжээвэр амьтдыг удаан зогсоохдоо аль болох зорчих хэсгийн гадна талд байрлуулна. Ингэхдээ үндэсний хууль тогтоомжид зөвшөөрснөөс бусад тохиолдолд суурин газарт болон суурин газрын гаднах замд явган хүний ба унадаг дугуйн зам, түүнчлэн явган зорчигчийн хөдөлгөөнд зориулагдсан хөвөөн дээр байрлуулахгүй.

2. a) Зорчих хэсэг дээр тээврийн хэрэгсэл ба тэжээвэр амьтдыг түр буюу удаан зогсоохдоо зорчих хэсгийн захад аль болох ойр байрлуулна. Жолооч нь тээврийн хэрэгслээ зорчих хэсэг дээр түр буюу удаан зогсоохдоо хөдөлгөөний зөвхөн батлагдсан талд байрлуулж болно; Харин төмөр зам байгаагаас шалтгаалан хөдөлгөөний батлагдсан талд зогсоох боломжгүй бол зорчих хэсгийн нөгөө талд түр буюу удаан зогсоохыг зөвшөөрнө. Үүнээс гадна Хэлэлцэн тохирогч Талууд болон тэдгээрийн нутаг дэвсгэрийн нэгжүүд нь:

i) тодорхой нөхцөлүүдийн хувьд, тухайлбал хөдөлгөөний батлагдсан талд зогсохыг хориглосон тэмдэг байгаа тохиолдолд зорчих хэсгийн нөгөө талд түр буюу удаан зогсоохыг зөвшөөрч болно;

ii) нэг чигийн хөдөлгөөнтэй замын зорчих хэсэг дээр түр буюу удаан зогсоохыг зөвхөн нөгөө талд юмуу эсвэл хөдөлгөөний батлагдсан тал ба нөгөө талын аль алинд зөвшөөрч болно;

iii) тусгайлан тэмдэглэгдсэн газарт зорчих хэсгийн дунд түр буюу удаан зогсоохыг зөвшөөрч болно.

b) Үндэсний хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол хоёр дугуйтай унадаг дугуй, мопед, шаахайгүй мотоциклоос бусад тээврийн хэрэгслүүд нь зорчих хэсэг дээр хоёр эгнээгээр (зэрэгцэж) түр ба удаан зогсохгүй. Тээврийн хэрэгслийг түр буюу удаан зогсоохдоо зорчих хэсгийн захад зэрэгцээ (параллель) байдлаар (өөрөөр байрлуулж болох хэлбэртэй газраас бусад хэсэгт) байрлуулна.

3. a) Зорчих хэсэг дээр тээврийн хэрэгслийг дараахь тохиолдолд түр ба удаан зогсоохыг хориглоно:

i) явган хүний гарц, унадаг дугуйн гарц болон төмөр замын гарам дээр;

ii) замын дундуур байрласан трамвай болон галт тэрэгний төмөр зам дээр буюу тэдгээрийн хөдөлгөөнийг хүндрүүлж болохуйц төмөр замд ойрхон зайд; Түүнчлэн явган хүний зам буюу унадаг дугуйн зам дээр (энэ заалтын хувьд Хэлэлцэн тохирогч Талууд буюу тэдгээрийн нутаг дэвсгэрийн нэгж нь эсрэг заалт гаргаж болох нөхцөлтэй).

b) Аюул осол бий болгож болзошгүй аливаа газарт тээврийн хэрэгслийг түр буюу удаан зогсоохыг хориглоно. Тухайлбал:

i) тусгайлан тэмдэглэгдсэнээс бусад тохиолдолд гүүрэн доор ба хонгил дотор;

ii) тээврийн хэрэгсэл аюулгүйгээр тойрон гарахад (замын энэ хэсгээр явах тээврийн хэрэгслийн хурдыг тооцсоноор) үзэгдэлт хангалтгүй байх замын эргэлт, тойрууд ойр зорчих хэсэг дээр;

iii) зорчих хэсэг дээр зогсож байгаа тээврийн хэрэгслээс давахыг хориглосон тэмдэглэл (дагуу шугам) хүртэл 3 метрээс бага зайтай газарт;

iv) тээврийн хэрэгсэл нь замын тэмдэг, гэрлэн дохиог хөдөлгөөнд оролцогчдоос халхлах газарт;

v) удаан явдалт тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд зориулан тэмдгээр тэмдэглэсэн нэмэгдэл эгнээ дээр.

c) Дараахь тохиолдолд тээврийн хэрэгслийг зорчих хэсэг дээр удаан зогсоохыг хориглоно:

i) автобус, троллейбус буюу төмөр замын тээврийн хэрэгслийн буудал, түүнчлэн уулзвар, төмөр замын гармын ойролцоо үндэсний хууль тогтоомжоор тогтоосон зайд;

ii) хаалганаас гарах гарцын эсрэг талд;

iii) бусад тээврийн хэрэгсэл зогсоолд байрлах, зогсоолоос гарахад саад болох аливаа газарт;

iv) гурван эгнээтэй замын зорчих хэсгийн голын эгнээнд, мөн суурин газрын гадна зохих тэмдгээргол замгэж тэмдэглэгдсэн замын зорчих хэсэг дээр.

4. Жолооч нь тээврийн хэрэгслээ (мал туугч нь мал амьтнаа) зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхэд зайлшгүй шаардлагатай арга хэмжээг авалгүйгээр орхиж явах ёсгүй; Автомашины тухайд түүнийг зохих зөвшөөрөлгүйгээр ашиглах боломжгүй болгох арга хэмжээ авна.

5. Дор дурдсан тохиолдолд хоёр дугуйтай мопед, шаахайгүй мотоциклоос бусад механикжсан тээврийн хэрэгсэл, түүнчлэн чирэгчтэй холбогдсон, холбогдоогүй чиргүүл бүрийг суурин газрын гаднах замд зорчих хэсэг дээр зогсоохдоо ойртон ирж яваа жолооч нарт цаг тухайд нь анхааруулах үүднээс ядаж нэг хэрэгслийг тодорхой зайнд байрлуулж тэмдэглэсэн байх ёстойг үндэсний хууль тогтоомжид тусгахыг зөвлөж байна:

a) шөнийн цагт зорчих хэсэг дээр зогссон тээврийн хэрэгсэл нь ойртон ирж яваа жолооч нарт анзаарагдахааргүй бол;

b) зогсохыг хориглосон газарт жолооч зайлшгүй зогсолт хийсэн бол.

6. Энэхүү зүйлийн нэг ч заалт Хэлэлцэн тохирогч Талууд болон тэдгээрийн нутаг дэвсгэрийн нэгжээс түр буюу удаан зогсохыг хориглосон бусад заалт гаргахад нь саад болохгүй.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»