ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ТУХАЙ КОНВЕНЦ
Хэлэлцэн тохирогч Талууд, хөдөлгөөний нэгдсэн дүрэм батлах замаар замын хөдөлгөөний аюулгүй байдлыг дээшлүүлэх, мөн олон улсын замын хөдөлгөөнийг хөнгөвчлөхийн тулд доорхи зүйлсийг тохиролцов:
ХОЁРДУГААР БҮЛЭГ
ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ
25 дугаар зүйл. Тууш зам ба түүнтэй адил төрлийн замууд
1. Тууш зам дээр болон хэрэв үндэсний хууль тогтоомжид заасан бол түүн рүү нийлэх буюу салахад зориулсан тусгай хэсэг дээр:
a) явган зорчигч, мал амьтан, унадаг дугуй, мопед (хэрэв мотоциклтой адилтгаж үзээгүй бол), мөн автомашинаас бусад бүх төрлийн тээврийн хэрэгсэл ба тэдгээрийн чиргүүл, түүнчлэн техникийн дээд хурд нь тэгш зам дээр үндэсний хууль тогтоомжоор тогтоосон хэмжээнд хүрдэггүй автомашин ба түүний чиргүүлийн хөдөлгөөнийг хориглоно;
b) жолоочид хориглох нь:
i) тусгайлан тэмдэглэгдсэн зориулалтын зогсоолоос бусад хэсэгт тээврийн хэрэгслээ түр буюу удаан зогсоох. Өөрөөс нь шалтгаалахгүйгээр зайлшгүй зогсолт хийсэн жолооч тээврийн хэрэгслээ зорчих хэсэг болон тухайн эгнээнээс зайлуулахыг хичээх ёстой бөгөөд хэрэв зайлуулж чадахгүй бол ойртон ирж яваа жолооч нарт цаг тухайд нь анхааруулахын тулд хангалттай зайнд нэн даруй тээврийн хэрэгслээ тэмдэглэнэ;
ii) буцаж эргэх буюу ухрах үйлдэл хийх, эсвэл голын тусгаарлах зурвасын хоёр зорчих хэсгийг холбосон хөндлөн холбоос руу орох.
2. Жолооч тууш зам руу орохдоо түүгээр яваа тээврийн хэрэгслүүдэд зам тавьж өгнө. Хурд авах эгнээтэй үед түүнийг ашиглана.
3. Жолооч тууш замаас гарахдаа зэргэлдээх гарах эгнээ рүү цаг тухайд нь орох ба хэрэв хурд хасах эгнээ байвал түүн рүү аль болох түргэн орно.
4. Энэ зүйлийн 1, 2, 3 дахь хэсгийн заалтыг хэрэглэхдээ замын дагуух эзэмшилд үйлчилдэггүй байдлаар тэмдэглэгдсэн, автомашины хөдөлгөөнд зориулагдсан бусад замыг тууш замтай адилтгаж үзнэ.