ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ТУХАЙ КОНВЕНЦ

 

Хэлэлцэн тохирогч Талууд, хөдөлгөөний нэгдсэн дүрэм батлах замаар замын хөдөлгөөний аюулгүй байдлыг дээшлүүлэх, мөн олон улсын замын хөдөлгөөнийг хөнгөвчлөхийн тулд доорхи зүйлсийг тохиролцов:

 

ХОЁРДУГААР БҮЛЭГ

 

ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ

 

32 дугаар зүйл. Гэрэл хэрэглэх нөхцөл

1. Харанхуй болохоос үүр цайх хүртэлх хугацаанд, түүнчлэн үзэгдэлт хангалтгүй болсон бусад аливаа нөхцөл (тухайлбал: манан будан татах, цас буюу ширүүн бороо орох)-д тээврийн хэрэгслүүд нь дараахь байдлаар гэрлээ асааж явна:

a) механикжсан тээврийн хэрэгслүүд ба мопед нь холын буюу ойрын гэрэл, түүнчлэн ар талын оврын гэрэл (энэхүү Конвенцид тээврийн хэрэгслийн ангилал бүрд заасан гэрэлтүүлэх хэрэгслүүдээс хамааран)-ийг;

b) чиргүүлийн хувьд урд талын оврын гэрлүүд (хэрэв энэхүү Конвенцийн 5 дугаар хавсралтын 30 дугаар хэсгийн заалтын дагуу ийм гэрэл байгаа бол), түүнчлэн ард талын оврын хоёроос цөөнгүй гэрлийг.

2. Дараахь тохиолдолд холын гэрлийг унтрааж, оронд нь ойрын гэрэл асаана:

a) суурин газарт зам нь хангалттай гэрэлтүүлэгдсэн байвал; түүнчлэн суурин газрын гаднах замд зорчих хэсэг нь жигд гэрэлтүүлэгдсэн бөгөөд энэ гэрэлтүүлэлт нь жолоочид үзэгдэлтийг боломжийн зайнд хангаж өгч байгаа ба бусад хөдөлгөөнд оролцогчдод уг тээврийн хэрэгслийг хангалттай зайнаас харах боломжийг олгож байвал;

b) зөрж өнгөрөхдөө өөдөөс яваа жолоочийг гялбуулахгүй, түүнийг тайван, аюулгүй хөдөлгөөнөө үргэлжлүүлэхэд нь боломж олгохын тулд хангалттай зайнаас;

c) бусад хөдөлгөөнд оролцогчид буюу замын дагуу байрласан усан зам ба төмөр замаар явагчдыг гялбуулахаас зайлсхийх бүх нөхцөлд.

3. Хэрэв тээврийн хэрэгсэл өөр тээврийн хэрэгслийн араас холгүй явж байгаа бол 28 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу гүйцэж түрүүлэх дохиог гэрлээр өгөхдөө холын гэрлийг ашиглаж болно.

4. Манангийн гэрлийг зөвхөн цас, ширүүн бороо орж байгаа буюу өтгөн манан будантай үед, эсвэл үүнтэй адил төстэй бусад нөхцөлд хэрэглэж болно; Эдгээр тохиолдлуудад урд талын манангийн гэрлийг ойрын гэрлийн оронд ч хэрэглэж болно. Үндэсний хууль тогтоомжид урд талын манангийн гэрлийг ойрын гэрлийн хамт, түүнчлэн уг гэрлийг тахирласан нарийн замд асааж явахыг зөвшөөрч болно.

5. Урд талдаа оврын гэрлээр тоноглогдсон тээврийн хэрэгслийн хувьд энэ гэрлийг холын буюу ойрын гэрэл, эсвэл урд талын манангийн гэрлийн хамт асаах ёстой.

6. Өдрийн цагт замаар яваа аливаа мотоцикл урд талдаа дор хаяж нэг ойрын гэрэл, ард талдаа улаан өнгийн гэрэл асааж явна. Үндэсний хууль тогтоомжид ойрын гэрлийн оронд өдрийн гэрэл (үүнийг “өдрийн цагаар явахдаа хэрэглэдэг гэрэл” гэж ойлгоно /орч/) ашиглахыг зөвшөөрч болно.

7. Үндэсний хууль тогтоомжоор автомашины жолоочид өдрийн цагт ойрын гэрэл буюу өдрийн гэрэл асааж явахыг үүрэг болгож болно. Энэ тохиолдолд урд талын гэрлийн хамт ард талын оврын гэрлийг заавал асаах ёстой.

8. Харанхуй болохоос үүр цайх хүртэлх хугацаанд, түүнчлэн үзэгдэлт хангалтгүй болсон бусад аливаа нөхцөлд механикжсан тээврийн хэрэгсэл болон чиргүүл нь зам дээр түр буюу удаан зогсож байхдаа урд болон ард талын оврын гэрлээ асаасан байх ёстой. Өтгөн манан будантай буюу цас, ширүүн бороо орж байгаа, түүнчлэн үүнтэй адил төстэй бусад нөхцөлд ойрын гэрэл юмуу урд талын манангийн гэрлээ асааж болно. Энэ тохиолдолд ард талын оврын гэрэлд нэмэлт болгож арын манангийн гэрлээ асааж болно.

9. Суурин газарт дараахь нөхцөлүүдэд энэ зүйлийн 8 дахь хэсгийн заалтаас гажиж урд болон ард талын оврын гэрлийн оронд зогсоолын гэрлийг асааж болно:

a) тээврийн хэрэгслийн урт нь 6 метрээс, өргөн нь 2 метрээс илүүгүй бол;

b) тээврийн хэрэгсэл нь чиргүүлгүй бол;

c) тээврийн хэрэгслийн зогсоолын гэрэл нь түүний шахаж зогсож байгаа зорчих хэсгийн захын эсрэг талд байгаа бол.

10. Дараахь тохиолдолд энэ зүйлийн 8 ба 9 дэх хэсгийн заалтаас гажиж тээврийн хэрэгсэл нь ямар нэг гэрэл асаахгүйгээр түр буюу удаан зогсож болно:

a) замын гэрэлтүүлэг нь тээврийн хэрэгслийг хангалттай зайнаас сайн харагдуулахуйц байвал;

b) тээврийн хэрэгсэл нь зорчих хэсэг болон хатуу хучилттай хөвөөний гадна талд зогсож байгаа бол;

c) аккумулятороор тоноглогдоогүй мопед ба шаахайгүй мотоцикл нь суурин газарт зорчих хэсгийн хамгийн захад зогсож байгаа бол.

11. Үндэсний хууль тогтоомжоор суурин газарт гудамж замын хөдөлгөөн сийрэг үед түр буюу удаан зогсож байгаа тээврийн хэрэгслийн хувьд энэ зүйлийн 8 ба 9 дэх хэсгийн заалтаас гажсан заалт гаргаж болно.

12. Ухрахын гэрлийг тээврийн хэрэгсэл зөвхөн ухарч байхдаа буюу ухрах гэж байхдаа асааж болно.

13. Ослын дохиог бусад хөдөлгөөнд оролцогчдод дор дурдсан онцгой аюулыг анхааруулах зорилгоор асааж болно. Үүнд:

a) зам тээврийн осол буюу техникийн эвдрэлээс шалтгаалан зогссон тээврийн хэрэгслийг нэн даруй холдуулах (чирэх) боломжгүй бөгөөд тэр нь бусад хөдөлгөөнд оролцогчдод саад учруулж байвал;

b) бусад хөдөлгөөнд оролцогчдод ноцтой аюулыг анхааруулахын тулд.

14. Анхааруулах тусгай гэрлүүд:

a) хөх өнгийн гэрлийг зөвхөн яаралтай яваа, давуу эрх бүхий тээврийн хэрэгсэлд хэрэглэх буюу эсвэл ийм тээврийн хэрэгслийг бусад хөдөлгөөнд оролцогчдод анхааруулах шаардлагаар хэрэглэнэ;

b) шар (улбар) өнгийн гэрлийг зөвхөн тусгай үүрэг даалгавар (ийм гэрлээр тоноглогдсон байгаагийн учир шалтгаантай нь холбоотой) биелүүлэхэд зориулагдсан техникийн онцлогтой тээврийн хэрэгсэлд хэрэглэх буюу эсвэл зам дээр байгаа ийм тээврийн хэрэгсэл нь бусад хөдөлгөөнд оролцогчдод тааламжгүй буюу аюултай байдал бий болгохоор байвал хэрэглэнэ.

Үндэсний хууль тогтоомжоор өөр өнгийн анхааруулах гэрлүүд ашиглахыг зөвшөөрч болно.

15. Энэ Конвенцийн 5 дугаар хавсралтын 61 дүгээр хэсэгт зааснаас бусад ямар ч тохиолдолд тээврийн хэрэгсэл нь урд талдаа улаан, ард талдаа цагаан өнгийн гэрэлтэй байх ёсгүй. Тээврийн хэрэгслийн бүтцэд хийсэн өөрчлөлт буюу нэмэлт гэрлүүдээр тоноглосон байдал нь энэхүү шаардлагыг зөрчсөн байхыг зөвшөөрөхгүй.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»