ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ТУХАЙ КОНВЕНЦ
Хэлэлцэн тохирогч Талууд, хөдөлгөөний нэгдсэн дүрэм батлах замаар замын хөдөлгөөний аюулгүй байдлыг дээшлүүлэх, мөн олон улсын замын хөдөлгөөнийг хөнгөвчлөхийн тулд доорхи зүйлсийг тохиролцов:
ХОЁРДУГААР БҮЛЭГ
ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ
33 дугаар зүйл. 32 дугаар зүйлд тусгагдаагүй тээврийн хэрэгсэл ба зарим хөдөлгөөнд оролцогчдын гэрэлтүүлгийн нөхцөл
1. Харанхуй болохоос үүр цайх хүртэлх хугацаанд зам дээр байгаа аливаа тээврийн хэрэгсэл буюу тээврийн хэрэгслийн бүрэлдэхүүн (энэ Конвенцийн 32 дугаар зүйлийн заалтад хамаарагдаагүй) нь урд талдаа дор хаяж нэг ширхэг цагаан буюу цайвар шар өнгийн, ард талдаа дор хаяж нэг ширхэг улаан өнгийн гэрэлтэй байвал зохино. Хэрэв эдгээр гэрлийг урд буюу ард талд зөвхөн нэг ширхгээр байрлуулах гэж буй бол түүнийг тээврийн хэрэгслийн голд, эсвэл хөдөлгөөний батлагдсан талын эсрэг талд байрлуулна.
a) Гар тэргэнцрүүд, өөрөөр хэлбэл гараар түрдэг тэргэнцрүүд нь урд талдаа дор хаяж нэг ширхэг цагаан буюу цайвар шар өнгийн, ард талдаа дор хаяж нэг ширхэг улаан өнгийн гэрэлтэй байвал зохино. Энэ хоёр гэрлийн эх үүсгүүр нь нэг гэрэл байж болох бөгөөд тэр нь хөдөлгөөний батлагдсан талын эсрэг талд байрлана. Өргөн нь 1 метрээс илүүгүй тэргэнцэрт энэ гэрлүүд заавал байхыг шаардахгүй.
b) Ердийн хөсөг нь урд талдаа хоёр ширхэг цагаан буюу цайвар шар өнгийн, ард талдаа хоёр ширхэг улаан өнгийн гэрэлтэй байвал зохино. Гэхдээ үндэсний хууль тогтоомжоор ийм тээврийн хэрэгсэлд урд талдаа зөвхөн нэг ширхэг цагаан буюу цайвар шар гэрэл, ард талдаа мөн нэг ширхэг улаан гэрэлтэй байхыг зөвшөөрч болно. Эдгээр гэрлүүдийг хөдөлгөөний батлагдсан талын эсрэг талд байрлуулна.
Хэрэв дээр дурдсан гэрлүүдийг тээврийн хэрэгсэлд бэхэлж болохооргүй байвал түүнийг хэн нэгэн хүн (хамгаалагч этгээд) бариад тээврийн хэрэгслийн архан талд дагаж явж болно. Түүнээс гадна ердийн хөсгийн ард талд хоёр ширхэг улаан өнгийн гэрэл ойлгуурыг түүний хоёр талын ирмэгт аль болох ойрхон байрлуулсан байна. Ердийн хөсгийн өргөн 1 метрээс илүүгүй бол заавал гэрэлтэй байхыг шаардахгүй. Харин энэ тохиолдолд түүний голд буюу хөдөлгөөний батлагдсан талын эсрэг талд нэг ширхэг гэрэл ойлгуур байрлуулсан байвал зохино.
2. a) Шөнийн цагт зорчих хэсгээр явахдаа:
i) удирдагчтай явган зорчигчдын бүлэг буюу жагсаал нь хөдөлгөөний батлагдсан талын эсрэг талынхаа урд дор хаяж нэг ширхэг цагаан буюу цайвар шар өнгийн гэрэл, ардаа дор хаяж нэг ширхэг улаан өнгийн гэрэл, эсвэл урд, хойд талдаа улбар шар гэрэлтэй байна;
ii) уналга, ачлагын мал амьтан буюу мал, сүрэг тууж яваа хүмүүс (мал туугчид) хөдөлгөөний батлагдсан талын эсрэг талынхаа урд дор хаяж нэг ширхэг цагаан буюу цайвар шар өнгийн гэрэл, ардаа дор хаяж нэг ширхэг улаан өнгийн гэрэл, эсвэл урд, хойд талдаа улбар шар гэрэлтэй байна. Эдгээр гэрлийн эх үүсгүүр нь нэг хэрэгсэл байж болно.
b) Энэ хэсгийн “a”-д заасан гэрлүүд нь зохих байдлаар гэрэлтүүлэгдсэн суурин газарт заавал шаардагдахгүй.