ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ТУХАЙ КОНВЕНЦ

 

Хэлэлцэн тохирогч Талууд, хөдөлгөөний нэгдсэн дүрэм батлах замаар замын хөдөлгөөний аюулгүй байдлыг дээшлүүлэх, мөн олон улсын замын хөдөлгөөнийг хөнгөвчлөхийн тулд доорхи зүйлсийг тохиролцов:

 

ГУРАВДУГААР БҮЛЭГ

 

АВТОМАШИН БА ЧИРГҮҮЛИЙГ ОЛОН УЛСЫН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦУУЛАХ НӨХЦӨЛ

 

35 дугаар зүйл. Бүртгэл

1. a) Энэхүү Конвенцийн заалтуудыг Хэлэлцэн тохирогч Талууд болон тэдгээрийн нутаг дэвсгэрийн нэгжээс бүртгэгдсэн, олон улсын хөдөлгөөнд оролцох чиргүүл (хөнгөн чиргүүлээс бусад) ба автомашинд хэрэглэнэ. Автомашины жолооч нь Хэлэлцэн тохирогч Талууд болон тэдгээрийн нутаг дэвсгэрийн нэгжийн зохих эрх мэдэл бүхий байгууллагаас буюу эдгээр Хэлэлцэн тохирогч Талууд болон тэдгээрийн нутаг дэвсгэрийн нэгжийн нэрийн өмнөөс төлөөлөхүйц тусгай эрх бүхий нийгэмлэгээс баталгаажуулан олгогдсон бүртгэлийн гэрчилгээтэй байна. Бүртгэлийн гэрчилгээнд дор хаяж дараахь зүйлүүд тусгагдсан байх ёстой:

энэхүү Конвенцийн 2 дугаар хавсралтад заасан бүртгэлийн дугаарын тоо, үсэг;

тээврийн хэрэгслийг анх бүртгэсэн огноо;

гэрчилгээ эзэмшигчийн овог, нэр, оршин суугаа хаяг;

тээврийн хэрэгслийг үйлдвэрлэсэн заводын нэр буюу түүний фабрикийн марк;

арал (шасси)-ын дугаар (үйлдвэрээс тавьсан серийн дугаар);

ачааны тээврийн хэрэгслийн хувьд бүх жингийн хэмжээ;

ачааны тээврийн хэрэгслийн хувьд ачаалалгүй жингийн хэмжээ;

гэрчилгээний хүчинтэй байх хугацаа (хэрэв хязгаарлалт тогтоосон бол).

Өгөгдсөн заалтууд нь гэрчилгээнд гагцхүү латин үсгээр юмуу үгээр, эсвэл энэ хоёр аргын аль алинаар нь (давтагдаж) бичигдсэн байна.

b) Харин Хэлэлцэн тохирогч Талууд болон тэдгээрийн нутаг дэвсгэрийн нэгж нь өөрсдийн нутаг дэвсгэрт олгогдсон гэрчилгээнд: анх бүртгэгдсэн огноотой хамт үйлдвэрлэсэн оныг бичих эсэхийг дотооддоо шийднэ.

c) Энэхүү Конвенцийн 6 ба 7 дугаар хавсралтаар тодорхойлсон А ба В ангиллын автомашины хувьд, түүнчлэн боломжтой бол бусад автомашинуудын хувьд:

i) гэрчилгээний эхний хуудсанд улсын бүртгэлийн ялгах тэмдэг (энэхүү Конвенцийн 3 дугаар хавсралтад заасан)-ийг багтаасан байна;

ii) бүртгэлийн гэрчилгээнд тусгагдвал зохих энэ хэсгийн “a”-д заасан найман заалтын өмнө буюу хойно нь A, B, C, D, E, F, G, H үсгүүд харгалзан тавигдсан байх ёстой;

iii) бүртгэсэн улсын үндэсний хэл дээр бичигдсэн гэрчилгээний гарчгийн дээд буюу доод талд францаар «Certificat d’immatriculation» (бүртгэлийн гэрчилгээ) гэсэн үг бичигдсэн байна.

d) замаар чирч оруулж ирэхээс бусад аргаар тухайн улсад түр оруулж ирсэн чиргүүл ба хагас чиргүүлүүдийн хувьд бүртгэлийн гэрчилгээний хуулбар (захиргааны байгууллагаар баталгаажуулсан) байхад хангалттай.

2. Олон улсын хөдөлгөөнд оролцож байгаа хагас чиргүүлтэй тээврийн хэрэгслийн хувьд энэхүү зүйлийн 1 дэх хэсгийн заалтаас гажиж чирэгч, хагас чиргүүл хоёр хамт бүртгэгдсэн бөгөөд зөвхөн нэг бүртгэлийн гэрчилгээтэй байлаа ч энэ Конвенцийн заалтууд үйлчилнэ.

3. Энэхүү Конвенцийн нэг ч заалт нь Хэлэлцэн тохирогч Талууд буюу тэдгээрийн нутаг дэвсгэрийн нэгжээс олон улсын хөдөлгөөнд оролцож яваа тээврийн хэрэгсэл нь жолоодож яваа этгээдийнхээ нэр дээр бүртгэгдээгүй байвал уг жолоочоос тухайн тээврийн хэрэгслийг эзэмших эрхийн баталгааг шаардах эрхийг хязгаарлахгүй.

4. Ашиглалтанд байгаа автомашиныг улсын болон бүс нутгийн хэмжээнд бүртгэдэг, түүнчлэн бүртгэлийн гэрчилгээтэй тээврийн хэрэгсэл бүрээр төвлөрсөн тооллого хөтлөн явуулдаг байгууллага байгуулахыг (хараахан байгуулж амжаагүй бол) Хэлэлцэн тохирогч Талуудад зөвлөж байна.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»